УИХ-ын ХЗ Байнгын Хороо /2013.04.17/

2013-04-19 10:53:09

Байгаль орчны хяналтын үүргээ, мөн газрын нэгдсэн менежментийн үүргээ “алдсаны” дараа БОЯ-ыг тэгэж хэлдэг байсан нь үнэн юм шүү. Ингэж шүүмжлэх нь бас ч аргагүй, үндэслэлтэй юмаа. Дэлхий нийтээр байгаль орчны яамыг байгаль хамгааллын асуудлаа хариуцдаг, байгаль орчны хуулийн биелэлтэнд хяналт тавьдаг, хэрэгжилтийг хангуулдаг яам гэж үзэж бүтэц тогтолцоог бүрдүүлсэн байдаг. Манай иргэд ч энэ нийтлэг жишгээр манай яамыг хардаг. Харин манай улсад эсрэгээрээ байдаг. Бид иргэдийнхээ хүсэн хүлээсэн зүйлийг хийдэггүй. Монгол шиг ийм тогтолцоотой орон дэлхийд хоёрхон байдаг гэж сонссон. Бид чинь “байгаль орчны талаархи төрийн үүрэг функц” гэдэг юмыг сайтар ойлголгүй 20 гаруй жил бужигнаж явсаар ирлээ. Эсвэл ойлгож байгаа ч ямар нэгэн явцуу бүлэглэлийн ашиг сонирхолд нийцүүлэн бусниулж хаячихаад засахгүй яваад байгаа юмуу. Ялангуяа сүүлийн 10 гаруй жил иймэрхүү учир замбараагүй байдал үргэлжилж байна. Одоо байгаа тогтолцоогоор бол Байгаль орчин, ногоон хөгжлийн яам бодлого гаргах, түүнийхээ хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулдаг гэж товчоор ойлгож болно. Ой, усны бодлогын хэрэгжилтийн функц Шинэчлэлийн засгийн газрын өөрчлөлтөөр сая л яамандаа ирсэн. Ингээд дээр нь түрүүн хэлсэн хяналт бас байх ёстой. Ингэж байж гэмээнэ яам маань эд эрхтэн бүтэн болох учиртай.


Нүүр хуудас