хирс болгонд бичил чип суулгах ажлыг орон даяар хэрэгжүүлж байна

2013-10-22 09:58:13

Кени улсын хууль хэрэгжүүлэгчид хулгайн анг таслан зогсоохын тулд хирс болгонд бичил чип суулгах ажлыг орон даяар хэрэгжүүлж байна. Энэ чипний тусламжтайгаар амьтан хамгаалагчид хирсний байршлыг тогтоохоос гадна анчид хирсийг агнаад эврийг нь авсан тохиолдолд эвэр хаана байгааг мөн л илрүүлэх боломжтой ажээ.

Гэхдээ "Хирсний биенд чип суулгах нь зардал өндөртэй, цаг их хугацаа их шаардсан ажил" гэж Дэлхийн Байгаль Хамгаалах Сангийн зүүн болон өмнөд Африкийн харилцаа холбооны асуудал хариуцсан захирал Роберт Магори мэдэгдсэн байна. Түүний хэлснээр Кени улсад 631 хар хирс байдаг агаад нийт толгой нь 1030 ажээ.

Хууль бус ангаас болж тоо толгой нь үлэмж хоргодсон хирс устах аюулд орсон амьтан бөгөөд сүүлийн үед анчид өндөр технологи бүхий сүүлийн үеийн тоног төхөөрөмж ашиглан ан ав хийх нь нэмэгджээ. Өнгөрсөн онд л гэхэд Африкт нийтдээ 745 хирсийг авласан нь сүүлийн 20 жилд гарч байгаагүй өндөр үзүүлэлт болсон байна.  Үүний 668 нь Өмнөд Африкт оногдоно.

Анчид ийнхүү хирсний эврийг авахын тулд үхэн хатан тэмцэлддэгийн цаад шалтгаан нь мөнгө юм. Өмнөд Африкийн Их Сургуулийн профессор Мосес Монтешийн гаргасан тайланд бичсэнээр нэг кг хирсний эвэр 20.000 орчим ам.долларын үнэд хүрдэг байна.  Сонирхуулахад нэг эвэр 10 орчим кг жинтэй байдаг ажээ. 

 

Нүүр хуудас