Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

2013-06-25 14:10:39

Сонгуулийн ерөнхий хорооны мэдээлснээр маргааш санал хураалт Улаанбаатарын цагаар 07,00 цагт эхэлж 23:00 цагт дуусах аж. Энэ нь, Увс, Ховд, Баян-Өлгий зэрэг аймгуудын цагийн зөрүүтэй холбоотой юм байна. Ингээд зургаадугаар сарын 27-нд сонгуулийн дүн урьдчилсан байдлаар гарна. Энэ удаагийн сонгуулиар 15863 төрийн алба хаагч сонгуулийн бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа юм байна. Мөн ОХУ, Герман, Швед, Австрали зэрэг улсаас нийт 400 гаруй ажиглагч, 30 гаруй сэтгүүлч сонгуулийн үеэр ажиллах аж. Харин манай улсын хувьд нийт 20 мянган ажиглагч ажиллах юм. Мөн энэ удаагийн сонгуулийн онцлог нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд санал өгөх боломжтой болсон бөгөөд саналын хуудас дээр нэр дэвшигчдийн зургийг тавьсан нь бичиг үсэггүй иргэд сонгуульд оролцох боломжтой болсон юм. Мөн өмнөх сонгуулиудаар сонгогчдод тараадаг байсан сонгогчийн үнэмлэх тараагдахгүй. Харин энэхүү үнэмлэхний оронд сонгогчдод урилга тарааж байгаа юм байна. Гэхдээ урилга аваагүй ч гэсэн иргэний үнэмлэхтэйгээ очиж саналаа өгөх бүрэн боломжтой юм. Өнөөдрийн байдлаар манай улсын 10 гаруй аймагт бороо орж байгаатай холбоотойгоор тухайн аймгийн иргэд сонгуульд оролцоход хүндрэл үүсч байгаа гэнэ. Үүнтэй холбоотойгоор 400 мянгаас нэг сая төгрөг дээрх аймгуудад шаардлагатай байгаа тухай санал ирүүлснийг сонгуулийн ерөнхий хорооноос шийдвэрлэн ажиллаж байгаа гэнэ. Мөн сонгуульд идэвхтэй оролцсон иргэдэд нэгж тараах тухай яригдаж байгаа юм. Гэхдээ энэ асуудал одоогоор тодорхойгүй байгаа аж. Өнгөрсөн хугацаанд нэр дэвшигчид сонгуулийн хууль зөрчсөн талаар 40 гаруй өргөдөл Сонгуулийн ерөнхий хороонд иржээ.

А.Өлзий


Нүүр хуудас