Э.Батүүл дарга уриалга гаргалаа

2013-10-18 09:40:41

 

Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй худалдаа, үйлдвэр, үйлчилгээний байгууллагуудын   хамт олонд:
              Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье.
 
Хүнс,  худалдаа, үйлчилгээний  салбарын  хууль тогтоомжийг сурталчлах, хэрэгжүүлэх, хүнсний хангамж, дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, эрүүл  зохистой  хэрэглээг хэвшүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангуулахад нийслэлийн төр захиргааны  байгууллагуудтай хамтран ажилладаг та бүхэнд талархал илэрхийлье. Улсын маань нийслэлийн 374 жилийн ой хэдхэн хоногийн дараа  тохионо. Энэ тэмдэглэлт өдрийг тохиолдуулан НИЙСЛЭЛЧҮҮДДЭЭ  бодитой бэлэг барьж  “Урамтай урамшуулал, хэмнэлттэй  хямдрал” сэдэвт  худалдаа, үйлчилгээг зохион байгуулахыг та бүхэндУРИАЛЖ  байна.

Энэхүү арга хэмжээг нийслэлийн хэмжээнд нэгдсэн зохион байгуулалттайгаар  худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа тухайн байршлууд дээр нийслэлийн өдөр буюу 2013 оны 10 дугаар сарын 29-нд  зохион байгуулах, цаашид жил бүр уламжлал болгоход та бүхний оролцоо, санаачилга нэн чухал байна.

Та бидний  хамтын хүчээр зохион байгуулах хямдралтай худалдаа нийслэлийнхэнд санхүүгийн бодит хэмнэлт болж орлого багатай  өрхийн амьжиргаанд нэмэр хандив үзүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч та бүхнийг нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, энэхүү зохион байгуулалттай  арга хэмжээнд идэвхтэй  оролцохыг  хүсье.

“Урамтай урамшуулал, хэмнэлттэй  хямдрал” сэдэвт  худалдаа үйлчилгээ зохион байгуулж  байгаа ААН-үүдийн бизнесийн үйл ажиллагаа,  худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээний  шинэлэг, дэвшилтэт хэлбэр,   манлайллыг  Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас  хэрэглэгчид, олон нийтэд  сурталчлан, бүх талаар дэмжиж ажиллах  болно.
 
Сайн үйлс  дэлгэрэх болтугай
 
 
                                НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД  УЛААНБААТАР БӨГӨӨД
 
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ                                      Э.БАТҮҮЛ
 

Нүүр хуудас