Итгэмжлэх жуух бичгээ барилаа

2013-06-24 15:56:24

Монгол Улсаас АСЕАН-ы дэргэд суух байнгын төлөөлөгч Элчин сайд Ц.Жамбалдорж  энэ сарын 21-ний өдөр Жакарта хотноо АСЕАН-ы Ерөнхий нарийн бичгийн дарга Ле Луонг Минь (Le Luong Minh)-д Итгэмжлэх захидлаа гардуулав.

Ерөнхий нарийн бичгийн дарга Ле Луонг Минь Байнгын төлөөлөгч Ц.Жамбалдоржийг Итгэмжлэх захидлаа гардуулсантай нь холбогдуулан түүнийг хүлээн авч уулзан Монгол, АСЕАН-ы харилцаа, цаашдын хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцов.

Байнгын төлөөлөгч Ц.Жамбалдорж Ерөнхий нарийн бичгийн даргад Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон Гадаад Харилцааны сайд Л.Болд нарын халуун дотно мэндчилгээг уламжлаад, Ази, Номхон далайн орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, тус бүс нутгийн улс төр, эдийн засгийн интеграцид аль болох түлхүү оролцох нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болохыг онцлон тэмдэглэжээ.

 

Түүнчлэн, тэрбээр АСЕАН-ы гишүүн Бруней, Индонези, Филиппин, Малайз, Лаос, Мянмар, Сингапур, Тайланд Улсаас АСЕАН-д суугаа Байнгын төлөөлөгч нартай тус тус танилцах уулзалт хийж, хамтын ажиллагааны талаар санал солилцохын сацуу Брунейд хийхээр төлөвлөж буй “АСЕАН+Монгол” уулзалтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Б.Болор


Нүүр хуудас