”Авлигын эсрэг тэмцлийг ард түмний захиалга гэж ойлго”

2013-06-24 15:11:17

Монгол Улсын Ерөнхий сайд асан, ахмад улстөрч Д.Бямбасүрэнтэй ярилцлаа.  

 

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг дагаад улс төрийн уур амьсгал ч бас нэлээд идэвхжиж байна. МАН-ынхантай холбоотой авлига, хээл хахуулийн асуудал ч бас нэлээд шуугиан тарилаа. Та ахмад, туршлагатай улстөрч, Ерөнхий сайд асан хүний хувьд энэ байдлыг хэрхэн харж байна вэ?

-Төрийн тэргүүнээ сонгоно гэдэг улс орны амьдралын маш чухал үйл явдал. Тийм болохоор сонгуультай холбоотойгоор улс төрийн үйл явдал идэвхжих нь жам ёсны үзэгдэл. Гэхдээ сүүлийн үед яригдаж байгаа авлигын тухай асуудал нь Ерөнхийлөгчийн сонгуулиас ангид зүйл л дээ. Одоо байгаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн сонгуулиар “Шударга ёсыг эрхэмлэнэ” гэсэн гол уриатай байсан. Өнгөрсөн хугацаанд авлигын эсрэг тэмцлээ эхлүүлсэн гэж бодож байна. Ер нь 2012 оны сонгуулийн үеэр 5-6 аймгийн Засаг дарга авлигын хэрэгт холбогдсоноос л эхэлсэн асуудал шүү дээ. Сүүлийн үед улам эрчимжээд, авлигын сүлжээ, үндсийг хөвөх хандлагатай болж байгаа учраас шуугиан ч бас нэмэгдэж байна. Монгол төрийн түшээ, төрийн сайд байсан хүмүүс үүнд нэр холбогдож байгаа нь нэг талаас Монголд шударга ёс хэчнээн чухал байсныг харуулж байна. Нөгөө талаас төрийн ялзрал маань ямар их гүнзгий, дээд төвшиндөө хүрсэн юм бэ гэдгийг илтгэж байна. Тэгэхээр үүнтэй тэмцэнэ гэдэг бол Монголынхоо нийгмийг цэвэршүүлэх, ард түмний үнэнд итгэх итгэлийг төрүүлэх үүд хаалгыг нээж байгаа хэрэг юм. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор бүх нэр дэвшигчид авлигатай тэмцэнэ гэж амлаж байна. Гэхдээ бодитой үйл хэрэг явуулж, өөрийнхөө бодлогыг хэрэгжүүлж байгаагийн хувьд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нэр авлигын эсрэг тэмцэлд зайлшгүй холбогдоно л доо. Мэдээж энэ нь бүх ард түмний дэмжлэгийг хүлээж байгаа. Одоо Монголд авлигачдыг илрүүлээд, тэдэнд хариуцлага хүлээлгэх гэж байна гээд харамсдаг иргэн хүн ховор байх л даа. Харин тэр сүлжээг үүсгэж байгаа улс төрийн хүчин, тэднийг дэмжиж байгаа хүмүүс бухимдаж байх шиг байна.

-Гэхдээ асуудал зөвхөн нэг талдаа байгаад байна шүү дээ. Зөвхөн МАН-ынхан илрээд, АН-ынхан илэрсэн ч зүгээр л үлдээд байх шиг?

-Хоёр л асуудал. Нэгдүгээрт, авлигын асуудалд холбогдож байгаа хүмүүсийн хувьд олонхи нь Ардын намынхан боловч цаад талд нь Ардчилсан намаас ч бас хүн бий. АН-ын С.Баярцогт, Г.Дэнзэн гэх зэрэг ганц нэг хүний нэр дуулдаж л байгаа. Энэ хүмүүс ч гэсэн хариуцлагаа хүлээх ёстой. Гэтэл нөгөө талд олонхи авлигачид нь Ардын намаас гараад байгаа гол шалтгаан нь юу гэхээр өнгөрсөн 20 жилийн хугацаанд МАХН буюу МАН-ынхан л төрийн эрхийг барьж байсан. Эрх мэдэлтэй хүмүүс авлига авахаас бус гудамжинд лааз өшиглөж яваа хүмүүс авлига авна гэж юу байх вэ дээ. Тийм болохоор Ардчилсан намынханд ногдох нь харьцангуй бага. Харин хоёр нам сөрөг хүчингүйгээр нийлж байсан өнгөрсөн дөрвөн жилд нэлээд үйл явдал болсон байхыг үгүйсгэхгүй. Ер нь бол одоо илэрч байгаа авлигын хэргүүд бол маш том мөсөн уулын зөвхөн орой нь. Мөсөн уулын ёроолд өөрийнхөө нэрээр төрийн албанд “шургуулсан” хүмүүсээсээ албадаж мөнгө аваад, тэр мөнгөө нийгмийн бохирдуулахад хэрэглэдэг улс төрийн хүчин, бүлэглэлтэй холбоотой хүмүүс байдаг. Тэр асуудал тэр төвшиндөө л яригдах ёстой байх. Жишээ нь Ё.Отгонбаяр гэдэг УИХ-ын гишүүний нэртэй холбоотой асуудал гараад ирэхэд тэр бухимдаж байна. Үүнийг ойлгож болно, хүнийх нь хувьд шүү дээ. Тэр хүн гэр бүлээ, хүүхдээ, өөрийнхөө нэр төрийг бодож байна. Гэтэл хажуугаас нь МАН гэдэг маш улс төрийн хүчний удирдлага нь их том шуугиан дэгдээж, бухимдлаа илэрхийлж байна. Энэ намын хариуцлагатай албан тушаалтан, УИХ-ын гишүүн байсан хүн Монгол Улсынхаа төрийн тэргүүнийг “Энэ бол Төрийн тэргүүн биш, хөгийн хог” гэж жиргэж байна шүү дээ. Ард түмнийхээ итгэлийг хүлээгээд, Ерөнхийлөгчөөр сонгогдчихсон байгаа хүнээ ингэж хэлнэ гэдэг бол нэг талаас эрүүгийн гэмт хэрэг. Энэ Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр төрд халдсан асуудал. Нөгөө талаас энэ Ардын нам их бухимдаж байна. Чухам яагаад бухимдаад байна вэ гэдэг нарийн учрыг л олох хэрэгтэй байгаа юм.

-Гэхдээ л АН олуулаа болчихоод МАН-ыг нухчин дарах гэсэн, улс төрийн захиалгатай гэмээр үйлдэл юм биш үү, МАН-ынхан ийм байр суурийг олонтаа илэрхийлсэн?

-Ер нь авлигатай тэмцэх тэмцлийг нийгмийн захиалга гэж ойлгох хэрэгтэй. Бид ийм авлига, хээл хахуульд идэгдсэн, төрийн албаа худалдсан нийгэмд цаашдаа амьдарч болохгүй. “Д.Бямбасүрэн гэдэг хүн настай болсон, одоо дуугүй байгаасай, бидний идэж уух юм дуусаагүй байна” гэж зарим хүмүүс хандаж болох л юм. Гэтэл бидний үр хүүхэд, ач зээ нар цаашдаа амьдарна шүү дээ. Тэдний ирээдүйг цэвэр үлдээх хариуцлага нь өнөө үеийн бүх хүмүүст байгаа юм. Тийм учраас Монголын нийт ард түмэн авлигатай тэмцэж байгаа хүмүүст захиалга өгч байна гэж ойлгох хэрэгтэй. Үүнийг цэвэрлээд өгөөч, бид чөлөөтэй амьсгалж, шударгаар амьдармаар байна гэсэн захиалга юм. Тийм учраас үүнийг улс төрийн явуулга гэж хардахаасаа өмнө, энэ бол нийгмийн болон түүхийн захиалга гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Энэ удаагийн сонгуулийн пиар, мессежүүд, өрсөлдөөн харьцангуй нам гүм болж өнгөрч байх шиг?

-Сонгуульд олон түмэндээ нэр хүндтэй, төрийн албаны туршлагатай хүмүүс оролцож байгаа учраас өрсөлдөөн их өндөр төвшинд болно байх гэж харж байлаа. Гэтэл нэр дөнгөж нэр дэвшүүлэхээс эхлээд л зарим улс төрийн хүчин их сонирхолтой байр суурь илэрхийлсэн л дээ. Нэр дэвшигч нь гоё царай, ямар цустай ч гэнэ үү. Тэгсэн мөртлөө бас эв нэгдэл яриад л. Монголчуудыг дотор нь хагаралдуулах, яс угсаагаар нь ялгаварлах байдал руу чиглэж байна. Тэр ч бүү хэл, одоогийн ерөнхийлөгчийг элдэв өнгөөр гоочлох байдал гарч эхэллээ л дээ. Ялангуяа доод төвшиндөө, электрон мэдээллийн хэрэгслээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг дайрах, гарал үүслийг нь мушгин гуйвуулах, харааж зүхэх байдал газар авч байна. Энэ юуг харуулж байна вэ гэхээр Ардын намын зүгээс Ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөнийг их доор төвшинд явуулж байна. Уг нь бол нөгөө нэр дэвшигчийнхээ өнгөрсөн хугацааны ажилд дүгнэлт өгөөд, алдаа дутагдлыг нь хэлээд, цаашдаа хийх ажил, зорилтоо томъёолох ёстой шүү дээ. Гэтэл МАН-ын нэр дэвшигч сүүлийн үед бүжиг хийгээд л, автобусанд явах маягаар сурталчилгаа явуулж байна. Энэ бол сонгуулийн өрсөлдөөнийг доод төвшин рүү чангааж байгаа юм. Харин нөгөө талд одоогийн Ерөнхийлөгч өнгөрсөн хугацаанд юу хийснээ яриад, цаашид юу хийх болон одоо хийж буй ажлуудаа тайлбарлаад явж байгаа. Шүүхийн шинэтгэл, авлигын эсрэг тэмцэл, шууд ардчилал гэх зэргээр. Би Ардын намын явуулж буй нэг ч сурталчилгаанаас шууд ардчиллын талаар хандаж буй хандлагыг нь олж сонссонгүй. Шууд ардчилал гэдэг бол цаашид ардчиллыг бэхжүүлэх, нийгмийг хөгжүүлэх хамгийн гол зам шүү дээ. Гэтэл ийм чухал асуудлаар байр сууриа илэрхийлэхгүй л явж байна. Харамсалтай байна. Яах вэ, Ардын намынхан сонгуулийн сурталчилгааны үлдсэн цөөн хэдхэн өдөрт өөр шинэ юм гаргаж ирэх л байх. Гэхдээ ард түмэнтэй уулзах уулзалтууд дуусч байна шүү дээ. Энэ үед үгээ хэлээгүй байж, сүүлд нь Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн хэлсэн үгнүүдээс тасдаж аваад, манай санал гэсэн байдлаар хандвал бүр онигоотой биз дээ. Ер нь тэгээд бид чинь Төрийн тэргүүнээ том биетэй, сайхан царайтай хүн байх ёстой гээд л. Ямар идшэнд хэрэглэх гэж байгаа биш дээ. Нөгөө талаас төрийн тэргүүн маань цэвэр цусны хүн байх ёстой ч гэх шиг. Ямар үржлийн ажилд хэрэглэх гэж байгаа биш дээ. Ийм байдлаар нэр дэвшигчээ доош нь хийхгүй байвал уг нь зүгээр дээ. Б.Бат-Эрдэнэ гэж хүн Монголын ард түмэнд хайрлаж, хүндлэгдсэн, аварга хүн. Энэ хүний улс төрийн карьер дуусаагүй. Гэтэл одоо сонгуулийн үед энэ хүнийг дахиж олон түмний нүүр харахын аргагүй байдалд оруулж болохгүй.

-Сонгуулиас гадна бас нэг анхаарал татсан асуудал яах аргагүй орон сууцны шинэ хөтөлбөр болж байна. Өнгөрсөн долоо хоногоос хэрэгжээд эхэлчихлээ. Энэ удаагийн хөтөлбөр өмнөх зургаан хувиас тэс өөр байна гэдгийг албаныхан хэлж байгаа. Таны бодлоор?

-Өмнө нь зургаан хувийн зээлийг хэрэгжүүлэхэд үнэхээр сонин шийдвэр гарсан шүү дээ. Тэр тогтоолын ард талд ямар барилгын компаниудын барьсан байшинд орох вэ гээд жагсаалт гаргачихсан. Гэтэл нөгөө компаниуд зээлийн асуудал нээгдмэгц орон сууцныхаа үнийг нэмчихсэн. Тэгэхээр зургаан хувийн зээл гэдэг бол дахиад л нөгөө албан тушаалаа ашигласан, улс орныхоо эрх ашгаас өөрсдийнхийгөө дээгүүр тавьсан асуудал явж байгаа юм. Жишээ нь тэр барилгын компаниудынх нь жагсаалтад орохын тулд ямар мөнгө төлөх ёстой вэ. Хэнд ч ойлгомжтой л асуудал. Нөгөө талаас барилга барих талбай, хот төлөвлөлтийн асуудлаа шийдээгүй байж үүнийг зарласан. Тийм учраас явж өгөөгүй. Одоо найман хувийн хүүтэй зээл гаргаж байгаа нь олон улсын жишгээр бодоод үзсэн ч гэсэн боломжийн асуудал л даа. Яагаад гэвэл хөрөнгө оруулалтын зээл олон улсын зах зээл дээр 5.7-7.5 хүртэлх хувийн хүүтэй байдаг. Тийм болохоор эдийн засгаа бодоод үзсэн ч гэсэн энэ зөв шийдвэр. Гагцхүү их нарийн төлөвлөж, ухаалаг хэрэгжүүлэх ёстой.

-Монголбанкны одоо явуулж буй үйл ажиллагааг хэрхэн харж байна вэ. Инфляцийн эсрэг тодорхой арга хэмжээ авч, засгийн газартай нягт уялдаа холбоотой ажиллаж байгаа. Гэтэл нөгөө талд Монголбанк Засгийн газрын агентлаг шиг боллоо гэх шүүмжлэл ч мэр сэр өрнөж байгаа шүү дээ?

-Монголбанкинд итгэх итгэл дээшилж байгаа гэж боддог. Н.Золжаргалыг би мэднэ. Тэр бол сайн эдийн засагч. Миний Ерөнхий сайд байх үед бид хамтарч ажиллаж байсан л даа. Н.Золжаргалыг Монголбанкны ерөнхийлөгч болсны дараа мэргэжлийн хүн Төв банкийг удирдах нь, ашгүй дээ гэсэн бодол төрж байсан. Одоогийн бодлогыг нь харахад мөнгөний нийлүүлэлт дээрээ чамгүй сайн зохицуулалт хийгээд, инфляцийн өсөлт зогсох, зарим үзүүлэлтээр буурах хандлагатай байна. Энэ нь мэдээж итгэл найдвар төрүүлж байгаа. Гэхдээ үүний хажуугаар ганцхан Төв банк инфляцийг тогтоож чадах уу гэвэл үгүй. Олон улсын зах зээл дээрх эрэлт, нийлүүлэлтийн асуудал чухал. Жишээ нь нүүрсний хэрэгцээ буураад эхэлбэл, нүүрсний үнэ унаж эхэлнэ. Нүүрсний үнэ буурахаар манай төлбөрийн тэнцэл алдагдаж, гадаад худалдаа буурна. Тэр үед төгрөгийн ханшийг эргүүлээд сулруулах шаардлага гарна. Хэрвээ төгрөгийн ханшаа чангаруулаад байвал бүр том дампууралд орно. Тийм учраас үүнд олон хүчин зүйл нөлөөлнө. Ялангуяа Засгийн газраас үйлдвэрлэгчдээ дэмжих бодлого чухал. Үүн дээр учир дутагдалтай зүйл байгаа гэж боддог.

-Одоо эдийн засгийн байдлыг ерөнхийд харвал өнгөрсөн хугацаанд явж байснаас арай дээрдэж байна уу?

-Өнгөрсөн оны сонгуулийн үеийг хүртэл монголчууд эдийн засгаа баллаж болох ямар л хэмжээ байна тэр хэмжээгээр нь балласан. Хорлож болох ямар л хэмжээ байна, тэр хэмжээгээр нь хорлосон. Одоо тэр хорыг шингээгээд, тогтворжих хандлагатай л болж байна. Тэгэхээр бид эдийн засгаа өөд нь татъя гэвэл бүтээх салбараа хамгийн түрүүнд анхаарах хэрэгтэй. Барилгын ажлууд удахгүй өргөжих нь. Гэтэл нөгөө талд барилгын хайрга, дайрга байхгүй. Уг нь үүнээс илүү элбэг зүйл юу байх вэ дээ. Үүнийгээ бэлтгэж, карьерүүдээ нээх хэрэгтэй. Иймэрхүү бодлогын уялдаагүй байдлууд эдийн засагт нөлөөлж байгаа тал бий. Гэхдээ ерөнхий чиг нь Монголын эдийн засаг тогтворжих, сэргэх шат руугаа явж байна.

                                                                                                               Л.Энхдэлгэр


Нүүр хуудас