Сонгуулийн ажиглалтыг албан ёсоор эхлүүллээ

2013-06-24 14:13:38

Монгол Улсын Ерөнхийлөгчийн  сонгуулийн санал хураалтад ажиглалт хийх төрийн бус байгууллага ажиглалтаа эхлүүлж байгаагаа албан ёсоор мэдэгдлээ. Сонгуулийн санал хураалтын үйл ажиллагаанд ажиглалт хийх “Филантропи” хөгжлийн төлөө төв  болон бусад төрийн бус байгууллагууд 39 хэсгийн хороонд ажиглалт хийх юм байна. Ингэхдээ үндсэн болон сайн дурын гэсэн 39 ажиглагч байх аж.Тэд нийслэлийн Чингэлтэй, Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн хэсгийн хороодод ажиллах юм байна. Ийнхүү Төрийн бус байгууллагууд ажиглалт хийж байгаа нь сонгуулийн үйл явцыг үнэн шударга явуулах нөхцлийг бүрдүүлнэ гэдгийг тус төрийн бус байгууллагын төлөөлөл хэллээ. Тэд иргэдийг төлөөлж ажиглагч хийх юм байна. Ажиглалтынхаа тайланг энэ сарын 28- нд олон нийтэд зарлах гэнэ.

 

Түүнчлэн өнгөрсөн 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд саналын хуудсанд будлиан гарч байсан ч АН болон МАН-ын төлөөллөөс бүрдсэн ажиглагчид нуун дарагдуулж байсан гэдгийг тус Төрийн бус байгууллагаас мэдэгдлээ. Энэ талаар “Филантропи” ТББ-ын  ажилтан Х.Одонтуяагаас тодрууллаа.

 

Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудсанд будлиан гарсан гэж мэдэгдлээ?

Тийм ээ, би 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ажиглагчаар оролцож байсан. Тэр үед миний ажилласан хэсгийн хороонд 11 саналын хуудас илүү гарч байсан юм. Тухайн үед дээрх саналын хуудсыг хоёр намын төлөөллүүд цааш нь мэдэгдэлгүй  нуун дарагдуулж байсан.  

 

Ажиглагчид яагаад энэ талаар хэлээгүй юм бэ?

Тухайн үед өөрийнхөө ажиллаж байсан “Хүний эрхийн хөгжил төв” төрийн бус байгууллагадаа сонгуулийн санал хураалтын энэ үйл явцыг мэдээлж байсан. Гэсэн ч ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Харин энэ удаад энэ мэт хууль бус үйлдэл гаргуулахгүй тулд дор бүрнээ анхаарах хэрэгтэйг хэлмээр байна.

Г. Отгонтуяа


Нүүр хуудас