Популист амлалт & Cонгуулийн дуудлага худалдаа

2013-06-24 07:40:00

 

Оюутнуудыг үнэ төлбөргүй сургах тухай хуулийн төсөл санаачилж байгаагаа УИХ дахь МАН-ын бүлгийнхэн мэдэгдэв. Үүгээрээ тэд нийгмийн хамгийн идэвхтэй бүлэг болох оюутнуудад таалагдах гэсэн бололтой. 2016 оны УИХ-ын сонгуулиар МАН-ынхан дээрх хуулийг гол хөзрөө болгох нь ч тодорхой. Хэрвээ хуулиа батлуулж чадвал оюутнуудаас нэмэх оноо авна гэж тооцож байгаа биз. Юутай ч ийм хуулийн төсөл санаачилна гэдгээ олон нийтэд мэдэгдсэн нь цаг хугацааны хувьд Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхэлсэн үетэй давхацсан нь санамсаргүй хэрэг биш.

 

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дөрвөн жилийн өмнө “Цалинтай оюутан” гэдэг нэр томъёог гаргаж ирэн, оюутнуудыг тэтгэлэгтэй болгоно гэж амалсан нь сонгуульд ялахад нь том түлхэц болсон. Тэрхүү амлалтаа биелүүлж оюутнуудад “Үндэсний тэтгэлэг” нэртэй 70200 төгрөг олгох шийдвэрийг гаргуулж чадсанаараа Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч мянга мянган лайк цуглуулж байна. МАН-ынхан үүнийг нь яаж зүгээр хараад суух вэ. Тиймээс л ургаагүй дэрсний үзүүрээс төрөөгүй туулайн бүжин барина гэдэг шиг боловсруулаагүй байгаа хуулийн төслийнхөө талаар яаран сандран мэдэгдэл хийв. Жирийн хуулийн төслийг бол санаачлан боловсруулсныхаа дараа, эсвэл өргөн барихдаа л олон нийтэд мэдэгддэг бол оюутнуудын сургалтын төлбөрийг бүрэн чөлөөлөх тухай хуулийн төслийн талаар цаасан дээр ганц ч мөр тавиагүй байхдаа л хэвлэл мэдээллээр яаран зарлалаа. Энэ бол яах аргагүй сонгуулийн өмнөх популизм.

 

 

Оюутнуудад сургалтын төлбөрөө хөнгөлүүлэх, чөлөөлүүлэх, тэтгэлэг тэтгэмж авах хүсэл эрмэлзэл, бэлэнчлэх сэтгэлгээ байнга байдаг болохоор тэр хэрэгцээ, шаардлагад нь нийцсэн амлалтыг үе үеийн улстөрчид бодож олдог. Амьдрал дээр хэрэгжээд явж байгаа 70200  төгрөгийн тэтгэлэг ч тэр, Ардын намынхны амлаад байгаа хуулийн төсөл ч тэр бүгд л популизм. Популист улстөрчид ард түмний итгэл, найдвар дээр дөрөөлдөг. Ингэхдээ тэдний эцсийн зорилго нь аль болох олон санал авахад л чиглэхээс биш дэвшүүлсэн зорилго, амлалтаа хэрхэн биелүүлэх арга замаа  тодорхойлоогүй, үр дүнг нь тооцоолоогүй байдаг. Их, дээд сургуульд суралцагчдын төлбөрийг бүрэн чөлөөлнө гэдэг амлалт үүний тод жишээ болж байна.

 

Манай улсын их, дээд сургууль, коллежид суралцаж буй 175 мянган оюутны сургалтын төлбөрийг 100  хувь чөлөөлснөөр улсын төсөвт ямар дарамт, хүндрэл ирэх вэ гэдгийг улстөрчид бодолцсонгүй. Харин тэд популизм үнэртүүлсэн энэхүү хуулийн төсөл нь оюутнуудад таалагдана гэдгийг л тооцоолжээ. “Үндэсний тэтгэлэг”-ийн 70200 төгрөгийг сар бүр авдаг атлаа сургалтын төлбөрөө бүрэн хөнгөлүүлнэ хэмээн хэвлэлийн бага хурал зарлаж, жагсаал цуглаан хийх дээрээ тулан сүрхий улстөржиж буй оюутнууд МАН-ынхны санаачлах хуулийн төслийг алга ташин хүлээж авах нь мэдээж. Гэтэл жил бүр оюутнуудын тэтгэлэгт 150 тэрбум төгрөгийг зарцуулдаг нь улсын төсөвт чамгүй ачаалал үүсгэж байгаа.

 

Сургалтын төлбөр төлөхгүй, дээр нь сар бүр 70200 төгрөгийн стипент аваад ёстой онц сурахыг үзүүлж өгнө гэж оюутнууд хэлэх байх. Ар гэрт маань асар том дэмжлэг боллоо гэж бас нэмж хэлнэ. Төр засагтаа баярласандаа нулимс унагана. Харамсалтай нь энэ бол улстөрчдийн популист амлалттай адилхан хий хоосон, хөөс. Популизм итгэл алдахуй дээр бий болж, итгэл алдахуйгаар төгсдөгийн л үлгэр болж үлдэнэ. Яагаад гэвэл “Үндэсний  тэтгэлэг”-ийн үр дүн иймэрхүү төсөөллийг төрүүлээд байгаа юм. Оюутнууд 70200 төгрөгийн тэтгэлэг авдаг болсноор сурлагад нь ахиц гарсан уу гэвэл үгүй.  Харин ч эсрэг үр дүн ажиглагдаж байгаа юм. Баримт түшье.

 

 

IRIM төвийн судлаач Л.Мөнхбат төрөөс оюутнуудад үзүүлж буй тусламж дэмжлэг үр дүнд хүрч байгаа эсэхийг судалсан байна. Түүний судалгаанаас харахад 70200 төгрөгийн “Үндэсний  тэтгэлэг” хүртэх болсноор оюутнуудын сурлагын чанарт ахиц гарсангүй. Харин ч их, дээд сургуульд бакалаврын боловсрол эзэмшихээр суралцаж байгаа оюутнуудын голч дүн 2.4-өөс доош өөрөөр хэлбэл туйлын хангалтгүй буюу дундаас доош төвшинд байгаа ажээ. Гэтэл нөгөө талаар “Үндэсний тэтгэлэг” олгох болсон 2012 оны нэгдүгээр сараас хойшхи цагдаагийн байгууллагын дүн мэдээнээс үзэх юм бол оюутнууд гэмт хэрэгт холбогдох нь эрс нэмэгджээ. Тиймээс судлаач Л.Мөнхбат “Оюутнууд эрдэм мэдлэгт шамдаж байна уу, зугаа цэнгэлээр мэргэшиж байна уу” хэмээн асуухад хүрчээ. Эцэст нь тэрээр төрөөс оюутнуудад үзүүлж байгаа санхүүгийн дэмжлэг тэдний сурах идэвх эрмэлзэлд нөлөөлөх нөлөөлөл бага  тул энэ талаар бодлого, үйл ажиллагааны өөрчлөлт хийх хэрэгтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.

 

Бодит байдал ийм байхад улстөрчид олон нийтэд таалагдах, тэднээс нэмэх оноо авах зорилгоор халамжийн шинжтэй хуулийн төслүүдийг үйлдвэрлэсээр сууна. Ийнхүү улс төрийн гол хүчнүүд сонгуулиас сонгуулийн хооронд амлалтаараа уралддаг болов. Уг нь аливаа нам, улс төрийн хүчин илүү ихийг хийж байж өрсөлдөгчөөсөө ялгардаг бол манайд илүү ихийг амалж байж сонгогчдын саналыг ахиу авдаг жишиг тогтжээ. АН-ынхан популист амлалт санаачлахдаа гарамгай, МАН-ын хашрууд түүнийг нь давуулан амалдгаараа гаргуун. АН-ынхан 2004 оны сонгуулиар хүүхдийн мөнгийг сэргээн сар бүр 10 мянган төгрөг олгоно гэсэн амлалт дэвшүүлсэн. Тэгэнгүүт нь МАХН-ынхан шинэ залуу гэр бүлд нэг удаа 500 мянган төгрөг олгохоор амласан. 2008 оны сонгуульд АН-ынхан иргэн бүртээ “Эрдэнийн хувь” нэг сая төгрөг олгоно гэдэг гол хөзөртэй орсон. МАХН-ынхан давуулаад иргэн бүртээ “Эх орны хишиг” 1.5 сая төгрөг бэлнээр олгоно гэж амалсан. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшсэн Ц.Элбэгдорж оюутнуудад сар бүр 70200 төгрөгийн тэтгэлэг олгоно гэж амалсан. 2013 оны сонгуулийн өмнө МАН-ынхан оюутнуудыг сургалтын төлбөрийг бүрэн чөлөөлөх хуулийн төсөл санаачлахаа амаллаа. Ямар ч байсан МАН-ынхан уламжлалт технологиороо давуулаад л амалчихлаа. Улстөрчдийн популист амлалтын уралдаан жилээс жилд, сонгуулиас сонгуульд улам ханш нь өсч, тэнгэрт хадаж байна. “Дуудлага худалдаа” энэ байдлаар үргэлжилбэл 2016 оны сонгуулиар иргэдээрээ ажил хийлгэлгүй сар бүр сая төгрөгийн цалин олгох хуулийн төсөл батлагдах бизээ.      

 

 Г.Сонинбаяр

 

 


Нүүр хуудас