Сонгуулийн өмнө баривчилгаа болдог нь пиар уу, аль эсвэл...

2013-06-24 07:35:56

“Тэр эрх мэдэлтнийг баривчиллаа. Учир нь, албан тушаалаа ашиглан их хэмжээний мөнгө шамшигдуулсан, идэж, уусан болохоор...” гэж ирээд л хууль хяналтынхан сонгуулийн өмнө их мэдээлдэг. Бусад үед сэтгүүлчид тэднээс мэдээлэл олж авах гэхээр “Хэрэг мөрдөн байцаалтын шатанд яваа, тодорхой мэдээлэл байхгүй. Дараа нь нэгдсэн мэдээлэл өгнө” гэсэн хариулт өгдөг.  Гэтэл өнгөрсөн УИХ-ын сонгууль, одоогийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө хэчнээн хүнийг баривчилж, идсэн, уусныг ил гаргав аа. Уг нь бол хуулийн байгууллага цаг тухай бүрт нь ийм мэдээллийг өгч, хариуцлагыг нь хүлээлгэх үүрэгтэй. Тэгтэл зөвхөн сонгуулийн өмнө гэсэн уриан дор ажиллаж, эрх мэдэлтэй, албан тушаалтнуудын хэргийг олны өмнө ил болгох юм. Хамгийн ойрын жишээ гэхэд УИХ-ын 2012 оны сонгуулийн өмнө Ардын намаас Дорноговь аймагт нэр дэвших эрхээ аваад байсан “Сод Монгол” группийн ерөнхийлөгч Ц.Анандбазарыг баривчилсан. Бүр түүнийг Ардын намын Бага хурлаас гарч ирмэгц нь баривчилсан байдаг. Яах вэ, Ц.Анандбазарыг буруутай болоод л саатуулсан байх гэж бодож байтал түүнийг сонгуулийн дараа суллачих жишээтэй. Энэ явдлыг улс төр гэж харахаас өөр аргагүй байв. Яагаад чухам сонгуулийн өмнө баривчлав, Ц.Анандбазарыг парламентад оруулж ирэхгүй байх шалтгаан байсан уу гэхчлэн олон асуулт дээрх баривчилгаанаас хариулт нэхэж хоцорсон түүхтэй.

 

 

 

 

Ман УИХ-ын 2012 оны сонгуулийн өмнө МАХН-ын дарга Н.Энхбаярыг мөн л баривчилсан. Түүнийг яагаад заавал МАХН гэх нэрийг авч намаа байгуулсны дараа, сонгуульд оролцохынх нь өмнө баривчлав аа. Н.Энхбаярыг сонгуулиас өмнө баривчлах боломж байсан уу гэвэл тийм. Тэгтэл түүнийг сонгуулиар нэр дэвшиж, парламентад ороод ирэх вий, цаашлаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшчих вий гэсэн болгоомжлол улстөрчдөд байсан учир бор оймсыг нь гозолзуулах цаг хугацаа УИХ-ын сонгуулийн өмнө болж таарсан биз. Н.Энхбаяр МАХН нэрийг авахын тулд бүхнээ зориулсан. Энэ хугацаанд Н.Энхбаярыг гэх хүн олон байгаагүй ч тэр МАХН-ыг парламентад овоо хэдэн суудал авах хэмжээний болгож чадсан. Хөгшчүүд “МАХН-даа л саналаа өгнө, нэрээ сольсон МАН-д өгөхгүй” гэх зэргээр шүүмжилж, мөн Н.Энхбаярыг баривчилсан үйлдлийг дургүйцсэн нь З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү нарын төлөө кноп дарахад хүргэсэн юм. Ардын намынхан сонгуулийн өмнө авлигачидтай тэмцэж, шударга ёсыг тогтоож байна гэх нэрийг зүүхийн тулд, нөгөөтэйгүүр түүнээс айсан нэрэндээ Н.Энхбаярыг баривчилсан. Үүнийг нь сонгуулийн өмнөх пиар ч гэж хэлж болох байх. Энэ мэтчилэн том улстөрчдийн баривчилгаанаас гадна Орхон, Увс, Говьсүмбэр аймгийн Засаг дарга нар ч албан тушаалаа урвуулан ашигласан гэх номинацаар ял авсан нь цөөнгүй.     

 

 

 

 

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө эрх мэдэлтнүүдийг хуулийн байгууллага шалгаж, хянаж байгаа гэж мэдээлсэн. УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэр мөнгө угаасан хэрэгт холбогдсон, өөрөө хүнээс авлига өгөхийг шаардсан. УИХ-ын гишүүн С.Ганбаатар, гишүүн асан Х.Наранхүү нарыг Авлигатай тэмцэх газар шалгаж байгаа гэх мэтчилэн мэдээллийг өгсөн нь саяхан. Мөн л сонгуулийн өмнө. Эрх барьж байсан Ардын намын гишүүдийн дийлэнх нь шалгуулж байгаа нь сайн хэрэг ч сонгуулийн өмнө энэ бүгдийг зарлаад, шалгаж байгаа гэж хэлээд буй нь хачирхалтай. Ийм олон албан тушаалтнууд шалгуулаад байгааг яагаад эрт мэдээлж, хариуцлагыг нь үүрүүлж болохгүй гэж. Үүнд эрх баригчид хариулт өгөх ёстой. Хуулийнхан сонгуулийн өмнө хүн барьж тоглох хоббигүй л юм бол шүү дээ.  

 

Ц.Цэцэг

 


Нүүр хуудас