Нэр дэвшигчдийн сүүлчийн нүүдэл: Халз мэтгэлцээн

2013-06-24 07:30:30

Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаа төгсгөлдөө орж, өнөө орой гурван нэр дэвшигч маань МҮОНТ-ээр халз мэтгэлцэх гэж байна. Энэ жилийн сонгуулийн сурталчилгааны сүүлчийн том арга хэмжээ болох халз мэтгэлцээнд хэрхэн оролцохоос нэр дэвшигчдийн сонгуулийн амжилт ихээхэн хамаарах юм.

 

Дэлхийн улсуудын сонгуулийн дүнд нөлөө үзүүлэгч чухал үйл ажиллагаа нь намын лидерүүд болон ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн халз мэтгэлцээн байдаг. Халз мэтгэлцээний гол мөн чанар бол бодлогын асуудлаар өөр хоорондоо мэтгэлцэх, өрсөлдөгчийн байр суурийг няцаах, сул талыг илрүүлэх явдал билээ. Сонгуулийн кампанийн төгсгөл дэх улс төрийн лидерүүдийн халз мэтгэлцээн нь сонгогчдын хамгийн ихээр сонирхон үздэг телевизийн сурталчилгаа болдог. Тиймээс халз мэтгэлцээнд тухайн лидер хэрхэн оролцох нь сонгуулийн эцсийн дүнд хүчтэй нөлөө үзүүлдэг байна.

 

Халз мэтгэлцээний журам, явагдах газар, хугацаа зэргийг зохицуулсан тусгай байгууллагууд улс орнуудад байдаг. АНУ-ын хувьд нэр дэвшигчдийн халз мэтгэлцээнийг БНН болон АН-ын хамтран байгуулсан Ерөнхийлөгчийн мэтгэлцээний комисс хэмээх байгууллага зохион байгуулдаг. АНУ-ын 2012 оны ерөнхийлөгчийн сонгуульд Барак Обама болон Митт Ромни нар гурван удаа халз мэтгэлцээн хийхэд эхнийхэд нь Ромни ялж сүүлийн хоёрт Обама илүүрхсэн юм.

 

 

Тэр хоёрын эхний мэтгэлцээнээс жишээ татахад нэг цаг хагасын туршид үргэлжлэх халз мэтгэлцээний үеэр улс орны дотоод асуудлын талаар хөндөх бөгөөд Мэтгэлцээний комиссоос санал болгосон хэлбэрээр явуулах болон тус бүртээ 15 минутын хугацаатай зургаан хэсгээс бүрдэх ба эхний асуултад хариулах хугацаа хоёр минут, үлдсэн хугацаанд нээлттэй хэлэлцүүлэг өрнөх учиртай. Мэтгэлцээний зургаан хэсгийн гурав нь эдийн засаг, харин үлдсэн нь эрүүл мэндийн асуудал, Засгийн газрын үүрэг, засаглалын үүрэг зэргийг хөндсөн байна. Нэр дэвшигчид хоёул хоёр минутын хугацаанд хаалтын үг хэлэх эрхтэй гэхчилэн мэтгэлцээний зарчмыг тохирсон байв.

 

Мэтгэлцээн Өрнөдийн соёлын элемент хэдий ч Дорнын улсуудын улс төрд гүнзгий нэвтэрсээр байна. Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгуульд АНУ-тай адил сонгуулийн кампанийн үеэр гурван удаа нэр дэвшигчдийн халз мэтгэлцээн хийдэг боллоо. Өнгөрсөн жилийн сонгуульд тус улсын түүхэнд анх удаагаа хоёр эмэгтэй нэр дэвшигч тодрон гарч нэг эрэгтэй нэр дэвшигчийн хамт гурвуулаа өрсөлдсөн юм.

 

 

Телевизийн мэтгэлцээн нь бусад улсаас ялгаатай нь суугаа байдалд хурц зөрчил, өрсөлдөгчийн эсрэг ширүүн дайралт багатай байв. Ер нь Өрнөдтэй харьцуулахад “бүрэг соёл” хэмээх Дорнын соёлд мэтгэлцээн нь мөн л зөөлөн өнгө аястай байгаа нь ажиглагддаг.

 

Монгол бол халз мэтгэлцээний уламжлалгүй улс. 1993 оны Ерөнхийлөгчийн сонгуульд П.Очирбат, Л.Түдэв нарын анхлан оролцсон мэтгэлцээнээс хойш зургаа дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн халз мэтгэлцээн болох гэж байгаа ч манай улс төрийн практикт Өрнөдийнх шиг жинхэнэ, халуухан халз мэтгэлцээн болж байсангүй. Ямагт урьдаас бэлдсэн асуултад нэр дэвшигчид ээлжлэн хариулж, албаны, уйтгартай хэв маягтай халз ярилцлагууд явагдаж ирсэн билээ. Хэдий тийм боловч Монголын сонгогчид халз мэтгэлцээнийг сонгуулийн сурталчилгааны хамгийн хүсүүштэй хэлбэр гэж үздэг нь судалгаанаас харагддаг.

 

Харин энэ удаагийн халз мэтгэлцээн урьд урьдынхаас арай илүү сонирхолтой бөгөөд илүү олон хүн үзэх магадлалтай байна. Нэгд, анх удаагаа эмэгтэй нэр дэвшигч эрчүүдтэй мэтгэлцэх гэж байна. Хоёрт, үндэсний бөхийн аварга маань улс төрийн тавцанд “залуу бөх үү, аварга уу?” гэдгээ харуулах нь. Гуравт, Монголын улс төрчдөөс илтгэх урлагийн хувьд номер нэг гэж магтуулдаг ч хийхээсээ хэлэх нь их гэж шүүмжлүүлдэг “аманцар” Ерөнхийлөгч маань өөрөөсөө тэс ондоо хоёр өрсөлдөгчтэйгээ хэрхэн мэтгэлцэх нь сонин байгаа юм.

 

Мэтгэлцээн гурван нэр дэвшигчийн аль алинд нь нэлээдгүй түгшүүр төрүүлж байгаа нь ойлгомжтой. Бодлогын мэтгэлцээн тул нэр дэвшигчид асуудлыг хэрхэн шийдэх талаар ухаанаа уралдуулж үзэгчид шүүх ёстой хэдий ч үүнийг дамжуулж буй техник хэрэгсэл болох телевизийн онцлог нь нэр дэвшигчдийн амжилтанд шууд нөлөөлөх юм. Телевизээр шууд дамжих тул нэр дэвшигчид будилах, сандрах зэрэг ялигүй алдаа гаргахад засах боломжгүй.

 

Телевиз нь үзэгчдэд хүчтэй итгэл үнэмшил төрүүлдэг, амьд мэдрэмж өгдөг, нэгэн зэрэг олон хүнд хүргэх боломж гэх мэтээрээ радио, сонин, интернэт зэрэг мэдээллийн бусад сувгаас давуу талтай хэдий ч улс төрчдөд ихээхэн бэрхшээл учруулдаг, төвөг чирэгдэл ихтэйг судлаачид онцолдог.

 

Камертай харьцах, дэлгэцийн өмнө биеэ хэрхэн авч явах, сандарч буйгаа нуух зэрэг нь улс төрчдөөс жүжиглэх авьяас шаарддаг юм. Тухайлбал, бодлогын хувьд сул, потенциал муутай хэдий ч телевизийн дэлгэцээр сайхан харагддаг, инээмсэглэл сайтай, зөв дүр төрхтэй улс төрч илүү оноо авах боломжтой. Учир нь, телевиз нь аливаа мэдээллийг визуаль буюу харагдах байдал, вербаль буюу үг ярианы аль алинаар дамжуулдаг суваг хэдий ч телевиз үзэгч мэдээллийн 70 хувийг  харагдах байдлаар,  хүлээж авдаг юм. Өөрөөр хэлбэл телевизээр ярьж буй улс төрчийн хэрхэн харагдах, ямаршуу дүр төрх гаргах, хувцаслалт, үс засалт нь ямар байх, дуу хоолойны өнгө ямар байх зэрэгт хүмүүс илүү анхаардаг бөгөөд үзэгчдийн маш бага хувь нь буюу боловсролтой хэсэг л юу ярьж байгаад анхаарлаа хандуулдаг байна.

 

Тийм учраас улс төрчдөд имиж мейкер болон хэвлэл мэдээллээр гарах бүх асуудлыг хариуцсан спин доктор хэмээх мэргэжилтнүүд дээрх асуудлаар зөвлөгөө өгч телевизээр хэрхэн гарахыг шийдэж өгдөг байна. Гэрлийг хаанаас яаж тусгавал аятайхан харагдах, нэр дэвшигчээ тайзны хаана зогсоох, индрийг хэрхэн ашиглах, камерыг хаана байрлуулах гэх мэтээр түмэн янзын түвэгтэй асуудал телевизээр гарч буй улс төрчдөд тулгарна. За тэгээд нэр дэвшигчийн биеийн өө согогыг хэрхэн далдлах уу, арын фон ямар байх уу, хэрэв нэр дэвшигч нь хиймэл шүдтэй бол ямар үгсийг олон хэрэглэхээс татгалзахыг зөвлөх зэргийг мэргэжилтнүүд шийдэх ёстой.

 

Жишээлбэл, өнгөрсөн онд явагдсан Францын Ерөнхийлөгчийн сонгуулийн халз мэтгэлцээнд ерөнхийлөгч Н.Саркози, түүний өрсөлдөгч Ф.Олланд нарын сонгуулийн штабынхан мэтгэлцээний өрөөн дэх  ширээний өндөр, нам, өрөөний агаарын хэмийг хүртэл харилцан нарийн тохиролцсон байдаг.

 

 

Камерууд нь зөвхөн ярьж байгаа хүн дээр төвлөрнө, ноён Олландын толгойн халцархайг, ноён Саркозийн дэлдэн чихийг харуулахгүй хэмээн нэр дэвшигчид тохиролцож мэтгэлцээнд оролцсон юм.

 

2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн халз мэтгэлцээнд нэр дэвшигч Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нарын хувьд дээр дурдсан онцлог болон мэтгэлцээний үеийн алдаа оноо бүгд л ажиглагдаж байсныг энд  дурдмаар байна.

 

 

Тухайлбал, үс засалт, хувцаслалт, гэрлийн тусгал, зогсолт зэрэг харагдах байдлын хувьд нэр дэвшигч Н.Энхбаяр илүүтэй байсан бол Ц.Элбэгдоржийн хувьд хөлөө солбих гэх мэт дэл сул хөдөлгөөн ихтэй, дээрээс нь халууцаад юмуу, сандраад юмуу улаа бутарсан царайтай харагдаж байв. Мөн камер түүнийг хажуу талаас, бүхэл биеэр нь гаргаж байсны зэрэгцээ Н.Энхбаярыг ярьж байх үед давхар Ц.Элбэгдоржийг харуулаад байсан юм. Ийнхүү харагдах байдлын хувьд Н.Энхбаяр илүү байсан ч мэтгэлцээний явцад өрсөлдөгч рүүгээ хэт дайрсан алдааг гурван удаа гаргаж оноо алдаж байлаа. Мөн сэтгэл зүйн хувьд сандарч байгаа нь индрээс чанга зуурч байснаар илэрч байв.

 

Энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй гурван нэр дэвшигчийн хувьд мөн л өөр хоорондоо үг яриа, бие махбод, зүс царай, харагдах байдлын ялгаа ихтэй, аль аль нь давуу ба сул талтай тул тэдний зөвлөх, мэргэжилтнүүд өөр өөрийн нэр дэвшигчийн онцлогийг харгалзаж заавар зөвлөмж өгөх буй заа. Гэхдээ манайд Өрнөдийнх шиг өндөр түвшинд зөвлөгөө өгөх мэргэжилтнүүд дутагдалтай нь ойлгомжтой.

 

Нэр дэвшигчдийн халз мэтгэлцээн сонгогчдод хэрхэн нөлөөлж чадах бол гэдэг асуудал хэн хүний сонирхлыг татаж байна. Бидний хийсэн сонгуулийн үеийн цуврал судалгаануудаас үзэхэд, сонгогчдын 25 орчим хувь нь сонгуулийн сүүлийн долоо хоног хүртэл саналаа хэнд өгөхөө шийдээгүй байдаг. Эдгээр сонгогчдыг насны бүлгээр ангилж үзвэл 40-өөс доош насны буюу залуучууд ихэнх хувийг эзэлж байна. Үүнээс үзэхэд, сонголтоо хийгээгүй залуучуудын хувьд халз мэтгэлцээн нөлөөлөх магадлалтай юм.

 

Улс төр судлаач, доктор Ц.Мөнхцэцэг


Нүүр хуудас