Сумдыг хөгжүүлэх загвар баталлаа

2013-06-23 16:02:48

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар сумдын хөгжлийн загвар, сумдын хөгжлийн загварт хамаарах нийгмийн үйлчилгээний болон үйлдвэрлэл, бизнесийн барилга, байгууламжийн нэг маягийн загвар зургийн жагсаалтыг тус тус баталлаа. Үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулан төсвийн зардал хэмнэх нэг цэгийн үйлчилгээний цэг, нэг дор байрлан ажиллах байгууллагуудын барилгын жагсаалтыг мөн гаргасан байна.

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан яам, аймаг, дүүргийн 334 мэргэжилтнийг оролцуулсан өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Монгол Улсын 330 сум, нийслэлийн 9 дүүрэгт энэ хавар ажилласан юм. Тэд сумдыг хүн амын тоо, төвлөрлөөс нь хамааруулан 5 ангилалд хувааж, ангилал тус бүрт тохирсон нийгмийн үйлчилгээний болон үйлдвэрлэл, бизнесийн чиглэлээр баригдах барилга, байгууламжийн хүчин чадлыг тодорхойлж, нарийвчилсан тооцоо судалгааг газар дээрээс нь хийгээд ирсэн.

Сумдад нэг маягийн зурагт хамаарах 2905 барилга байгууламж байна, эдгээрийн зургийг нэг бүрчлэн хийвэл 61 тэрбум төгрөг зарцуулна. Үүний оронд дээрх 2905 барилгыг хийцийн төрөл, газар хөдлөлтийн баллаас хамааран 102 ширхэгнэг маягийн загвар зургаар баривал 2.6 тэрбум төгрөгөөр шийдвэрлэх боломжтой. Ингэж оновчтой менежмент хийснээр зөвхөн зургийн зардлаас гэхэд 100 ортой 50 цэцэрлэг барих хэмжээний буюу 58 тэрбум төгрөг хэмнэнэ гэсэн нэгдсэн дүнг ажлын хэсгийнхэн гаргажээ.

Энэ ажлыг шуурхай хэрэгжүүлж, нэг маягийн загвар зураг боловсруулах компаниудыгсонгон шалгаруулах ажлаа ирэх 7-р сарын 10-ны дотор зохион байгуулахыг Барилга, хот байгуулалтын яам, Эдийн засгийн хөгжлийн яаманд даалгалаа.

Тавантолгойн нүүрсний уурхайг түшиглэн гаалийн хяналтын
бүс байгуулах тооцоо, судалгаа хийхийг даалгав


Тавантолгойн нүүрсний уурхайг түшиглэн гаалийн хяналтын бүс байгуулах чиглэлээр тооцоо, судалгааг нарийвчлан хийх үүргийг асуудал хариуцсан сайд нарт өглөө.

"Эрдэнэс Тавантолгой" ХК Цогтцэций сум дахь Тавантолгойн уурхайгаас нүүрс тээвэрлэж, Ханбогд сумын нутагт байрлах Цагаан хадны гаалийн хяналтын бүсэд гаалийн бүрдүүлэлт хийлгэн экспортолдог. Сум дамнасан энэ тээвэрлэлтээс байгаль, хүнд учруулж буй хор хохирлыг бууруулах, нөгөөтэйгүүр төрийн өмчит компанийн үйл ажиллагааны зардал хэмнэх гарцыг Засгийн газар эрэлхийлж байна.

"Эрдэнэс Тавантолгой" ХКирэх гурван жилд Цагаан хадны гаалийн бүсэд нүүрс ачиж, буулгахад 68.8 тэрбум төгрөг зарцуулахаар байгаа, хэрвээ ийм бүс байгуулбал жилдээ ердөө 4.5 орчим тэрбум төгрөгийн урсгал зардал гаргана гэж урьдчилан тооцоолжээ.

Өмнөговь аймгийн Гашуунсухайтын боомтоос 23 км зайтай орших Цагаан хадны гаалийн хяналтын бүсийг 2006 оны 12 дугаар сард байгуулсан. Гаалийн болон мэргэжлийн хяналтын байгууллагуудаас нүүрс тээвэрлэлтэд хяналт тавих гол цэг гэх нэртэй ч одоо агаар, ус, хөрсийг их хэмжээгээр бохирдуулагч гол эх үүсвэр болоод байна.

Иргэдийн оролцоог дэмжсэн шийдвэрийн төслийг дэмжлээ


Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан боловсруулсан "Үндэсний хөтөлбөр батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийг хэлэлцлээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн №176 тоот зарлигаараа "Шууд ардчилал, иргэдийн оролцоогоор дамжуулан төвлөрлийг сааруулах үндэсний дунд болон урт хугацааны бодлогын баримт бичиг"-ийг батлан гаргасан юм. Энэ баримт бичигт 2012-2022 он хүртэлх хугацаанд иргэдийн оролцоогоор дамжуулан төвлөрлийг сааруулах төрийн бодлогыг тодорхойлсон. Харин энэ удаа түүнийг хэрэгжүүлэх хөтөлбөр, төлөвлөгөөг нарийвчлан боловсруулжээ.

Иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, сонирхлын бүлгүүд, нийгмийн бүхий л төлөөлөл орон нутгийнхаа болон төрийн шийдвэр гаргах явцад оролцох нөхцөл бүрдүүлэх, нөгөө талаас төрийн байгууллагууд иргэдийн саналыг заавал тусган шийдвэрлэх эрх зүйн хариуцлагын тогтолцоог бүрдүүлэхэд энэ хөтөлбөр чиглэсэн. Ингэснээр иргэдийн оролцоо хуулийн заалт төдий тунхаглал байхаа болино.

Тогтоолын төслийг Засгийн газрын гишүүд зарчмын хувьд дэмжиж, нэмж тусгах зургаан саналыг төсөл санаачлагчид хүргүүлэхээр тогтлоо.

Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийг УИХ-д
өргөн мэдүүлэхээр тогтлоо


Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны банк хооронд 2013 оны 6 дугаар сарын 6-ны өдөр гарын үсэг зурсан экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр нь Олон улсын гэрээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан гадаад улс, олон улсын байгууллагаас авах зээлийн ерөнхий нөхцөлийн тухай гэрээ тул УИХ-аар заавал соёрхон батлуулах шаардлагатай юм.

Энэ хэлэлцээр Монгол Улсын эдийн засгийн хөгжилд нэн чухал төслүүдээ хэрэгжүүлэхэд Япон улсын орчин үеийн техник, технологи, үйлчилгээг нэвтрүүлэх, экспортын бүтээгдэхүүнийхээ нэр төрөл, тоо хэмжээг нэмэхэд чухал ач холбогдолтой.

2030 он хүртэл хэрэгжүүлэх ногоон хөгжлийн бодлого,
зорилтыг тодорхойллоо


Засгийн газрын 5 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу БОНХЯ, ЭЗХЯ хамтран "Ногоон соёл иргэншил" хөгжлийн стратегийн төслийг Ногоон хөгжлийн үзэл баримтлал, Ногоон хөгжлийн дунд хугацааны хөтөлбөр болгон өөрчлөн боловсруулжээ. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар эдгээр бодлогын бичиг баримтыг хөгжлийн бодлого, төсөл төлөвлөлттэй уялдсан байна гэж үзээд, УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ.

Дээрх бодлогын баримт бичгүүдийн төсөлд Монгол Улсын баримтлах ногоон хөгжлийн үзэл баримтлал, зорилтыг 2030 он хүртэлх хугацаанд тодорхойлж, 2020 он хүртэл авч хэрэгжүүлэх эдийн засгийн арга хэрэгслийг тодорхойлсон юм. Ингэхдээ богино хугацаанд үр дүн авчрах, ажлын байр нэмэх, ашиглалтын зардал хэмнэх зэргийг тэргүүлэх чиглэл болгожээ.

Ногоон хөгжлийн бодлогыг улс орны хөгжлийн урт хугацааны бодлого, төлөвлөлтөд тусган хэрэгжүүлснээр байгалийн нөөц баялгаа зохистой удирдах механизм бий болно. Ийм ч учраас "Ногоон хөгжил"-ийн зам сонгохыг дэлхий нийтээрээ уриалж, "Бидний хүсч буй ирээдүй" гэх баримт бичиг хүртэл гаргаж, 2015 оноос Тогтвортой хөгжлийн зорилтуудыг шинэчлэн тодорхойлохоор зорьж байгаа юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Н.Түвшин


Нүүр хуудас