“Алтан загасны чавганц” шиг Ардчилсан нам

2013-06-23 15:59:38

Шуналтай эмгэний талаар өгүүлдэг “Алтан загасны үлгэр” сүүлийн үед санаанд ороод байна. Дэндүү их шуналтаж байгаад эцэс сүүлдээ юу ч үгүй үлддэг орос эмгэний талаархи үлгэрийг мэдэхгүй хүн байхгүй.

Харин өнөөдөр Монголын улс төр яг л энэ үлгэрийг санагдуулаад байгаа юм. “Даварсаар даварсаар Дагвын орон дээр залрав” гэгчээр Ардчилсан нам өнөөдөр төрийн гурван өндөрлөгийн төвшинд өөрийн эрх мэдлээ тогтоогоод байна.

УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч. Ардчилагчид анх удаагаа төрийн эрх мэдлийг бүх төвшинд нь авч чадсан нь яах аргагүй тэдний амжилт.

Түүнчлэн ард түмэн тэднээс их ч зүйлийг хүлээж, шинэчлэл, өөрчлөлтийг хүсэж буй. Тийм ч учраас өнгөрсөн хаврын УИХ-ын сонгууль, намрын Орон нутгийн хурлын сонгуульд ардчиллыг сонгосон. Харин одоо Ерөнхийлөгчийн сонгуулийн “халуун” өдрүүд ирлээ. Намууд дор бүрнээ нэр дэвшигчдийнхээ пиар, сурталчилгааг хийж эхлэв.

Ардчилагчид энэ сонгуульд “Ерөнхийлөгчөө дэмжье” гэсэн уриатай оролцож буй. Ардчилсан нам гарч ирснээр төрийн бүх шатанд шинэчлэл хийж, авлига, хээл хахуулийг устгана гэж амлажээ. Үүний тулд Ардчилсан Ерөнхийлөгч, Ардчилсан засаг, ардчилсан УИХ хамтдаа ажиллах ёстой гэнэ. Хэрвээ Ерөнхийлөгч УИХ, Засгийн газар бие биенээ дэмжихгүй бол шинэчлэл бүтэлгүйтэх бололтой юм. Арай гэж утсгах гэж байгаа авлигыг МАН-ын Ерөнхийлөгч гараад ирчихвэл буцааж түгээн дэлгэрүүлээд, цэцэглэн хөгжүүлээд сүйд болох юм байх.

Тийм учраас “Та бүхэн минь УИХ, Орон нутгийн хурлын сонгуулиар ардчиллыг дэмжсэн. Одоо ардчилсан Ерөнхийлөгчөө дэмжээд өгөөч. Тэгэхгүй бол бидний хийх гээд байгаа шинэчлэл маань бүтэхгүй шүү” гээд л уриалж байна билээ.
Хэрвээ андуураагүй бол Ардчиллынхан өнгөрсөн УИХ-ын сонгуулиар “Олуулаа хөгжье” гэж байсан. Дараа нь Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулиар “Бүр олуулаа бүхлээр нь шинэчлье” гэж байсан. Гар бариад бугуй барьж буйтай адил байгаа биз. Гэхдээ л ард түмэн тэдэнд олуулаа шинэчлэх эрхийг өгсөн. Одоо ардчилагчид хангалттай “олуулаа” байна. Бодлого хэрэгжүүлж, шинэчлэл хийхэд УИХ, Засгийн газар болон орон нутгийн төвшинд эрх мэдэлтэй байхад хангалттай. Монгол Улс парламентын засаглалтай шүү дээ. Ардчилагчид парламентад олонхийг бүрдүүлж, засгийн эрхийг барьж буй учраас тэдэнд хүссэнээ хийх эрх байна гэсэн үг.

 

Харин Ерөнхийлөгч бол Үндсэн хуулиар заасны дагуу “Монголын ард түмний эв нэгдлийн бэлэг тэмдэг” байдаг. Ерөнхийлөгч хууль санаачлах, хориг тавих, өршөөл үзүүлэх эрхтэй. Түүнчлэн Зэвсэгт хүчний ерөнхий командлагч статустай. Өөрөөр бол хууль тогтоох үйл ажиллагаанд оролцоод, хуулийг гацаагаад, “тээглээд” байх боломжгүй юм. Нэг ёсондоо Ерөнхийлөгч өөр намаас сонгогдлоо гээд АН-ыг шинэчлэл хийхэд нь саад тотгор, “бул чулуу” болохгүй.

Тийм байхад АН-ынхан одоо “Ерөнхийлөгчөө манайхаас сонгочих. Тэгэхгүй бол Монгол Улс сүйрэх нь, авлига цэцэглэнэ. Шинэчлэл маань бүтэлгүйтэнэ” гээд л ярьж байгаа юм. Нэг бодлын ард түмнийг хэт басамжилж буй мэт. Нөгөө талаар үнэхээр төрийн бүх төвшинд эрх мэдлээ тогтоохын төлөө “үхэн хатан” зүтгэж байгаа ч юм шиг. Яах аргагүй “Алтан загасны үлгэр”-ийн эмгэнийг санагдуулж байгаа юм.

Л.Энхдэлгэр


Нүүр хуудас