Ерөнхийлөгч иргэдтэй уулзав

2013-06-23 15:34:18

Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Цахиагийн Элбэгдорж Дорноговь аймагт өчигдөр ажиллаа. Тэрбээр Дорноговь аймгийн Хүүхдийн ордонд тус аймгийн иргэд сонгогчидтой уулзаж, тэдний тулгамдсан асуудлыг ярилцаж, аймаг орон нутгийн цаашдын хөгжлийн талаар санал солилцсон байна.

Ууулзалтад нэр дэвшигчээс гадна УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг, ИТХ-ын дарга А.Ганбаатар нар оролцлоо.

Уулзалтын үеэр Ерөнхийлөгч нэр дэвшигч Ц.Элбэгдорж Дорноговь аймагт хийгдэх томоохон бүтээн байгуулалтууд тэр дундаа Алтанбулаг-Замын-Үүдийг холбосон хурдны зам тавигдсанаар хөгжлийн асар том бүтээн байгуулалт байх болно гэдгийг онцлоод зам дагаж хөгжил ирдэг гэсэн юм. Мөн тэрбээр өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа тайланг тавьж, төр засгаас төрөх насны залуу ээжүүдийг төрийн бордлогоор дэмжих, албан байгууллагууд дэргэдээ хүүхдийн цэцэрлэгтэй байх зэрэг хийх ажлынхаа эхнээс ярилаа.

Мөн уулзалтын үеэр Дорноговийн хүүхэд залуучууд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид талархсанаа илэрхийлсэн юм. Учир нь одоогоос хоёр жилийн өмнө Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуягийг Япон Улсад хийх албан ёсны айлчлалынхаа бүрэлдэхүүнд оруулж Япон улсын Шизуока мужтай Дорноговь аймгийг хамтын ажиллагааны гэрээ байгуулж өгсөн аж. Шизуока муж Дорноговь аймгийн хамтын ажиллагааны хүрээнд одоогийн байдлаар Дорноговийн 200 залуу Японы их дээд сургуульд суралцаж, тус улсын томоохон компаниудад мэргэжил дээшлүүлж байгаа аж. Мөн говь нутгийн 1000 хүүхэд Япон улсад нэг сарын хугацаатай соёлын хөтөлбөрт хамрагдах гэрээ байгуулсан байна. 1000 хүүхэд хөтөлбөрийн хүрээнд 80 хүүхэд одоогийн байдлаар Япон улсад аялаад байна.
Түүнчлэн нэг жилийн өмнө “Их нарт” хэмээх байгалийн цогцолбор газрыг Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр байгалийн зоо парк болгон хөгжүүлэхээр болж АНУ-ын Деневер мужийн байгалийн зоо парктай хамтын ажиллагааны хөтөлбөр баталсан аж. “Их нарт” байгалийн зоо паркын бүтээн байгуулалт энэ жилээс эхлээд байгаа гэнэ. Эдгээр бүтээн байгуулалт, хүүхэд залуучуудыг дэмжсэн хөтөлбөр хэрэгжих сайхан эхлэлийг тавьж өгсөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Дорноговьчууд талархалаа дахин илэрхийлсэн юм.

Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж өнөө өглөө Дорноговь аймгаас хөдөлж Хэнтий аймгийн Бор-Өндөр тосгоны иргэд сонгогчидтой уулзалт хийлээ.

Н.Түвшин


Нүүр хуудас