”V цахилгаан станцыг барих асуудлыг шийдсэн”

2013-06-23 15:30:01

Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж буй ажлынхаа талаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг  дараахь асуултад хариуллаа.

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын эдийн засгийн өсөлт таван хувиар буурсан тухай мэдээллийг өгч байна. Тэгэхээр Засгийн газрын тэргүүний хувьд манай улсын эдийн засаг ямар байна гэж дүгнэх вэ?

-Эдийн засагт нэг хүндрэл тохиолдож байна. Гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ багасч байгаа. Энэ бол бодит зүйл. Үүнд дүн шинжилгээ хийж үзвэл өнгөрсөн оны өнөө үеэс гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ харьцангүй багасах хандлагатай болсон.

Дээр нь стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах хууль гарсантай холбогдон зарим гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд хөрөнгө оруулалтаа татах байдал гарсан. Засгийн газраас дүн шинжилгээ хийж стратегийн салбарт хөрөнгө оруулах хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн барилаа. Энэ нь гадаадын төрийн өмчийн компаниудыг л хязгаарласан зүйлийг өөрчлөх нь зүйтэй гэж үзсэн.

Хоёрт, 100 тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулалтыг УИХ-аар оруулдаг байдлыг хуулийн төсөлд өөрчлөлт оруулж зогсооно. Ингэснээр тодорхой хэмжээнд цаашдаа хөрөнгө оруулалт нэмэгдэнэ. Гадаадын хөрөнгө оруулагчидтай уулзахаар Монголын эрхзүйн хэтийн орчин тодорхойгүй. Урьдчилж харах боломжгүй. Гэнэт нэг өдөр хуулиа өөрчлөөд байна гэсэн шүүмжлэлийг хэлж байна. Тиймээс эрхзүйн орчноо 3-10 жилийн хугацаанд ч гэдэг юмуу ойлгомжтой байдлаар тодорхой анхаарлаа хандуулахыг хүсдэг. Тиймээс Шинэчлэлийн Засгийн газар хөрөнгө оруулалтын хууль дээр ажиллаж байгаа.

Тавантолгойн асуудал юу болж байна?

Тавантолгой нүүрсээ гаргаж чадахгүй байгаа. Одоогоор сая гаруй тонн нүүрс хураалттай. Яагаад ийм хэмжээний нүүрс хураалттай байна гэхээр өмнөх Засгийн газрын байгуулсан гэрээгээр нүүрсээ гаргавал алдагдалд орно. Тийм учраас алдагдалтай нүүрсээ зарах боломжгүй учраас Чалкотой гэрээ хэлцэл хийе. Алдагдалгүй, ашигтай гэрээ хэлцэл хийе гэдгийг тасралтгүй ярьж байна. Та бүхэн мэднэ. Сонгуулийн өмнө 350 сая ам.долларыг манайхан Чалкогоос авчихсан. Тэгээд нүүрсэээрээ өрөө төлнө гэсэн гэрээ хийчихсэн. Ингээд гаргасан нүүрсээ тооцвол 170 орчим сая ам.долларыг нь төлнө. Дахиад нүүрсээр төлье гэвэл 186 орчим сая ам.долларын өрөнд унана. Үүнийгээ нүүрсээр төлье гэвэл гаргах тусам алдагдалд орж байгаа учраас зогсоосон. Одоо бид Чалкотой гэрээ хэлэлцээрээ ашигтай байдлаар хийхээр ярилцаж байна.

Орон сууцны зургаан хувийн зээлийг зогсоохоор болсон. Үүний дараа хөнгөлттэй орон сууцны зээлийг иргэдэд хэрхэн олгох вэ?

Зургаан хувийн хүүтэй орон сууцны зээл буруу бодлого байсан. Баригдсан байшин нь цөөн байхад зургаан хувийн хүүтэй орон сууцны зээл олгоно гэж зарласан. Энэ нь нэг талаасаа төсөвт их хэмжээний алдагдал үүсгэсэн зүйл. Хоёрт, иргэдэд ашигтай зээл байгаагүй. Орон сууцны үнэ огцом өссөн. Тийм учраас энэ бодлогыг өөрчилсөн.

Засгийн газрын ажил хааж боохоос эхлээд жигдэрч байх шиг байна. Ард түмний хүсч хүлээж байгаа ажил хэзээнээс эхлэх вэ. Тухайлбал, өрийн бондын мөнгийг томоохон төслүүдэд яаж хуваарилж байна вэ?

-Ардчилал гэдэг нэрийн дор дураараа загнаж сурсан учраас стандарт, норм, хэм хэмжээ. Түүнчлэн хүний эрх чөлөөнд аль хүртэл халдах уу гээд нийгэмд зохицуулах ёстой олон асуудал бий. Үүнийг Засгийн газар хийж байгаа юм биш. Иргэд өөрсдөө хийж байна. Өөрийнхөө дураар загнаж, бусдын эрхийг хүндэтгэхгүй явж ирсэн хэсэг бүлэг хүний эрхийг хөндөж байгаа нь үнэн. Тэрхүү бүлэг хүмүүс өөрчлөлтийг хааж бооно гэсэн үгээр илэрхийлж байна. Засгийн газар хааж боосон зүйл хийгээгүй. Стандарт хэм хэмжээндээ л ажиллана.

Бондын мөнгийг Засгийн газар эхний ээлжинд дөрвөн төсөлд зарцуулна гэж шийдсэн. Шинэчлэлийн Засгийн газар 2016 онд багтаан бүх аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбоно. Үүний эхлэл болгож энэ жил Дорнод, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Баянхонгор, Хөвсгөл аймгуудын төвийг нийслэлтэй холбох 1347 км авто замын ажлыг бондын хөрөнгөөр санхүүжүүлнэ. Хоёрт, Нийслэл хотын дахин төлөвлөлт. Эхний ээлжинд хотын төв хэсэгт бөглөрөл түгжрэл үүсгэдэг 33 замын Т хэлбэрийн уулзварыг дөрвөн замын уулзвар болгох ажлыг санхүүжүүлнэ.

Мөн Туул, Сэлбэ голын даланг дагуулан хотын нэг захаас нөгөөд хүрэх босоо, хэвтээ тэнхлэгийн хурдны хоёр замын ажлыг эхлүүлнэ. Гуравт, Оюутолгойн уурхайд эрчим хүч нийлүүлэх боломжтой 300 мвт-ын хүчин чадалтай цахилгаан станцыг Тавантолгойн уурхайг түшиглэн барьж эхлэхэд бондын мөнгөнөөс зарцуулна. Дөрөвт, Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэлх 270 орчим км төмөр замын доод суурь бүтцийн ажлыг дуусгахад санхүүжилт олгоно. Эдгээр төслүүдийг санхүүжүүлнэ. Ирэх хуралдаанаар дахин нэг төслийг шийдэхээр болсон нь ноосны салбар. Бүх мөнгөө зам руу хийж болохгүй. Тэр тусмаа үйлдвэрлэл. Дэлхийд нэрд гарч болохуйц ноос, ноолуурын үйлдвэр, сүүний үйлдвэрийг дэмжнэ. Хотынхон бүгд хуурай сүү ууж байгаа. Хөдөөгийнхөн ч сүүгээ ууж чадахгүй байгаа. Түүнчлэн оёдлын үйлдвэрийг ч дэмжиж ажиллана. Энэ нь цаашаа даавуугаа хийх боломж бүрдэх ёстой. Ийм чиглэлээр бондын мөнгөө зарцуулна.

-Шатахууны үйлдвэрийг дотооддоо барина гэсэн мэдээлэл бий. Тухайлбал, Дархан хотод шатахууны үйлдвэр барих асуудлыг хэр судалсан бэ?

-Газрын тосны үйлдвэрийг барих асуудлыг яриад 5-8 жил болж байна. Дархан-Уулд өмнөх таван жилд хийсэн судалгааг олон талаас нь судлаад дотооддоо ганц газрын тосны үйлдвэр барья гэж бодож байна. Хамгийн боломжтой байршил нь Дархан-Уул гэсэн судалгаа гарсан. Хөрөнгийг нь Япон улсаас урт хугацааны зээл авч үйлдвэрээ барина гэсэн тооцоо бий. Өмнөх Засгийн газрын үед ийм байдлаар хөрөнгөө гаргана гэж шийдсэн. Энэхүү бодлогийг бид үргэлжлүүлнэ. Засаг бүх зүйлээ хийх биш. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа 10 компанийг урьж авчраад сонссон. Хоёр дахь төсөл нь хувийн хэвшлийн төсөл Дорноговь аймгийн Зүүнбаян сумд 300 гаруй тонн газрын тос боловсруулах үйлдвэрийг манай компаниуд барихаар болсон.

-Тавдугаар цахилгаан станцыг барих газрын байгаль орчны үнэлгээ гарсан уу?

Шинэчлэлийн Засгийн газар V цахилгаан станцын асуудлыг 7 удаа хэлэлцсэн. Байгаль орчны сайд С.Оюун, Эрчим хүчний сайд П.Сономпил нар тавдугаар цахилгаан станц барих газрыг байгаль орчинд хор хөнөөл багатай гэж үзсэн. Үнэлгээ хараахан гараагүй байна. Засгийн газрын хуралдаанд хамгийн сүүлд Э.Бат-Үүл даргыг авчирч V цахилгаан станцыг барих газрын асуудлыг асуусан. Гэтэл нийслэлийнхэн зарим компанид энэ газрыг өмчлүүлсэн байна гэсэн. Хотын захиргаанд би хэлсэн “Газраа чөлөөл, ажлаа хий”. Үүнээс гадна Амгаланд дулааны станц барих шийдвэр гаргасан. Харин нийслэлийнхэн орж ирээд арав гаруй тэрбум төгрөг гаргаж өгөхийг хүслээ. Газрыг нь чөлөөлнө гэнэ. Улаанбаатарт нөхцөл байдал ийм л байна. Улаанбаатарын газар бүгд эзэнтэй шүү дээ. V цахилгаан станцыг барих асуудлыг засаг шийдсэн. Нийслэлийнхэн газрын асуудлаа зохицуулна.

Н.Түвшин


Нүүр хуудас