”Зөвшөөрөлгүй барилгуудыг шууд нурааж болохгүй”

2013-06-23 13:52:46

Байгаль орчин ногоон хөгжлийн сайд С.Оюунтай ярилцлаа.

 

“Бүх дэлхийн байгаль хамгаалах өдөр”-ийг энэ жил Монголд тэмдэглэх болсон тухай НҮБ-аас мэдэгдсэн. Манай зүгээс бэлтгэл ажлыг хэр хангаж байна вэ?

Жил бүрийн зургадугаар сарын 5-ны өдрийг “Бүх дэлхийн байгаль хамгаалах өдөр” болгон тэмдэглэж ирсэн уламжлалтай. Энэ жилийн байгаль хамгаалах өдрийн сэдэв нь “Хүнсний хог хаягдлыг багасгах”. НҮБ-ын байгаль хамгаалах хөтөлбөр болох ЮНЕП, дэлхийн хамгийн хурдан хөгжиж байгаа орны нэг болох Монгол Улс ногоон эдийн засгийн бодлого явуулан, уул уурхайн салбарт эко технологи нэвтрүүлэн амжилтад хүрч буйг үнэлэн “Бүх дэлхийн байгаль хамгаалах өдөр”-ийг зохион байгуулах хүндтэй үүргийг олгосон гэж хэлж болно.  Энэ өдрийг манай улс ирэх зургадугаар сарын 1-5-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэх юм. Тиймээс уг арга хэмжээг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг Засгийн газраас баталсан. Бэлтгэл ажлыг сайтар хангахаар ажиллаж байна.

 

Дархан цаазат Богд уул, Туул голын хөвөөгөөр орон сууц баригдаж эхэлсэн нь нийслэлчүүдийн санааг зовоосон асуудал болж байна. Эдгээр барилгуудыг хэрхэх вэ?

Богд уул орчимд газар олголтыг ирэх оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл зогсоосон. Горхи, Тэрэлжийн орчимд ч газар олгохгүй. Богд уулын газар ашиглалтын үйл ажиллагаанд шалгалт хийсэн. Шалгалтын үр дүнд усны тухай хуулийг зөрчин Туул голын эрэгт аж  ахуйн нэгжүүдэд газрын зөвшөөрөл олгосныг хуулийн дагуу зохих журмаар нь газрыг  чөлөөлөхөөр усны сав газрын зөвлөлтэй хамтран ажиллахаар төлөвлөж байна. Өмнөх Засгийн газрын үед олгосон газар дээр олон тооны барилга баригдсан нь өдгөө “толгойны өвчин” болоод байна.  Хуулиараа бол  эдгээр барилгыг буулгах ёстой, тиймээс Засгийн газар, УИХ-д дүгнэлтээ танилцуулж ажлын хэсэг байгуулна. Гэтэл баригдчихсан барилгуудыг буулгачихаар иргэдээс эхлээд олон арван хүн хохироход хүрэх юм. Тиймээс ашиглалтад орсон барилгуудын эздэд нэг удаа их хэмжээний торгууль оногдуулдаг байх гэх мэтээр гарц хайж байна.  Бидний баримталж буй гол бодлого судалгаа шинжилгээнд тулгуурласан хамгаалалтын менежментийг нэвтрүүлнэ гэсэн бодлого барьж байна. Тэгэхээр газар ашиглалттай холбоотой асуудалд, нөөц даацын судалгаа  хийж, хязгаарлалтыг бүсэд аялал жуучлалын үйл ажиллагаа  явуулж болно гэж заасан юм бол  бид даац нь ямар байна. Өөрөөр хэлбэл, хаана  нь бааз байрлаж болох вэ гэдэг судалгааг хийж байгаад  хязгаарлалтын бүсэд аялал жуучлалын үйл ажиллагааг зөвшөөрч болно. Гэхдээ  нөөц даацынх нь судалгааг хийнэ. Тухайлбал, тусгай хамгаалалтын бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа баазад бусдаас өөр шаардлага тавих жишээтэй. Тухайлбал, нар салхины энерги ашиглах гэх мэт эко  стандартыг баримтлана.  Нэг үгээр хэлбэл даацын үнэлгээндээ тулгуурласан стандартад нийцсэн аялал жуучлалын бодлого барина гэсэн үг.

 

Тавдугаар цахилгаан станц барих газрын  байгаль орчны үнэлгээ гарсан уу?

Эрчим хүчний яамны захиалгаар Тавдугаар цахилгаан станц барих газарт байгаль орчны ерөнхий үнэлгээг гаргаж өгөх захиалга ирсэн. Үнэлгээ хараахан гараагүй байна.

 

Төмөр замын дэр мод үйлдвэрлэх зорилгоор мод бэлтгэхийг хориглосноороо ямар үр дүн гарах вэ?

Төмөр замын дэр мод үйлдвэрлэх зорилгоор мод бэлтгэдэг байсныг таван жилийн хугацаатай хориглосон. Мөн эрчим хүчний шонгийн мод бэлтгэхийг зогсоохоор болж байна. Ингэснээр жилд 40 мянган шоо метр нойтон мод хэмнэнэ. Модон бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ их учраас импортыг нэмэгдүүлэхийг татвараар дэмжих бодлого баримтална.

 

Улсын хэмжээнд ховор ан амьтантай, байгалийн өвөрмөц тогтоцтой 60 гаруй тусгай хамгаалалтай газрууд бий. Гэтэл тэдгээр газарт ажиллаж байгаа байцаагч нар цөөхөн. Дээр нь цалин хангамж нь муу учраас хулгайн анчидтай хуйвалдаж хамгаалах нь бүү хэл сүйтгэж байна гэсэн шүүмжлэл бий. Энэ талаар танай  салбар ямар арга хэмжээ авч байна вэ?

Одоогоор манай улсад 30 гаруй хамгаалалтын захиргаа бий. Энэ байгууллагуудаар дамжуулан яам хамгаалалт, менежментийг хариуцаж ажилласаар ирсэн. Өнөөдөр төсөвлөж байгаа нийт мөнгөний 90 гаруй хувь нь цалин, урсгал зардалд зарцуулагддаг. Тиймээс судалгаа шинжилгээ, дэлхийн жишигт хүрсэн хамгаалалтын менежментийг нэвтрүүлэхэд хөрөнгө мөнгөний асуудал бий. Байцаагчийн тухайд тодорхой норматив байдаг. Жишээ нь, хангайн бүсэд 70 мянга га газарт нэг байгаль хамгаалагч байна. Энэ бол маш хүнд асуудал. Ийм том газрыг ганц хамгаалагч морьтой, мотоцикльтой байлаа гэхэд шатахууных нь зардлыг тооцоолоогүйгээр хамгаалах үүрэг хүлээгээд сууж байдаг. Ийм нөхцөлд хяналт ярих тун хүнд. Төсвөө нэмэгдүүлэх шаардлагатай.

 

Энэ жил хэдэн угалз, тэх агнах зөвшөөрөл олгох вэ?

Ан амьтан агнах зөвшөөрлийг гадаад дотоодын иргэдэд олгосноор улсын төсөвт тодорхой хэмжээний мөнгө төвлөрдөг байсан. Зөвхөн шонхор шувууны экспортоос жилд гурван тэрбум төгрөгийн ашиг олдог байлаа. Тэгвэл энэ жилээс ан амьтныг хамгаалахад түлхүү анхаарч ажиллана. Улсын хэмжээнд тусгай зориулалтын ан буюу аргаль, угалз, тэх агнах зөвшөөрлийг яамнаас олгодог. Жилд дунджаар 50-70 угалз, 300 тэх агнадаг байсан бол энэ онд 15 угалз, 30 тэх агнуулна. Энэ төлбөрийг орон нутагт төвлөрүүлж, тодорхой хувийг нь ан амьтныг хамгаалахад эргүүлэн зарцуулах юм. Энэ жил Өмнөговь аймаг газар нутагтаа ан хийлгэхгүй гэсэн шийдвэр гаргасан бол Ховд, Увс зэрэг аймаг тусгай зориулалтын ан агнуурын менежментийн төлөвлөгөөгөө  ирүүлээд байна.

 

Н.Түвшинжаргал


Нүүр хуудас