Шатарчид завгүй байна

2013-05-09 12:12:00

Монголын шатарчид энэ жил тун завгүй байх бололтой. Оюуны “дайчид”-тай холбоотой багц мэдээллийг хүргэе. Их мастер Т.Батчимэгийн хувьд Швейцарийн Женев хотноо үргэжилж байгаа дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдын гран-при тэмцээнд оюун ухаанаа уралдуулж байна. Тэрээр одоогоор дөрвөн өрөг тоглосон бөгөөд нэг хожил, нэг тэнцээ, хоёр хожигдолтой болжээ. Дэлхийн хамгийн залуу аварга, их мастер Хоу Ифанийг хожиж томоохон шуугиан тарьсан тэрээр уг тэмцээнд оролцогчдын хамгийн бага чансаатай нь юм. Мөн уг тэмцээнд анх удаа эх орноо төлөөлөн оролцож байгаа гэдгээрээ шатрын спорт сонирхогчдын анхаарлын төвд байна. Тэгвэл Монголд ч гэсэн шатарчид завгүй байгаа юм. Өчигдөр л гэхэд Тусгаар тогтнолын ордонд “Ихэр бэрс” клубын таван жилийн ойн нэрэмжит өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн өндөр чансаатай шатарчдын тэмцээн эхлэв. Их мастер Б.Гүндаваа, Ц.Батчулуун, Д.Шаравдорж, Б.Хатанбаатар, Б.Мөнгөнтуул, ФИДЕ мастер У.Лхамсүрэн, М.Гүнбаяр, Г.Мөнхгал нарын тэргүүтэй шилдгүүд гурван өдрийн турш шатрын хөлөг дээр тэмцэлдэнэ. Үүний дараа мөн л нэгэн сонирхолтой тэмцээн шатарчдыг хүлээж байгаа. Энэ бол Х.Сүрэндорж агсны нэрэмжит тэмцээн юм. Түүний шавь нар болон ар гэрийнхнээс хамтран зохион байгуулах энэхүү тэмцээнд 300 орчим шатарчин гурван насны ангилалд өрсөлдөх нь. Энэ цагийн Монголын тэргүүн шатарчин их мастер Б.Гүндавааг Х.Сүрэндоржийн шавь гэдгийг шатар сонирхогчид андахгүй биз. Дотооддоо болох хоёр тэмцээний дараа буюу энэ сарын 16-нд улсын аваргад өндөр амжилт үзүүлсэн эрэгтэй, эмэгтэй тамирчид Азийн аваргыг зорих учиртай. Дараа нь тэднийг Азийн танхимын спортын наадам, оюутны “Универсиад” зэрэг томоохон тэмцээн хүлээж байна. Тэдний яриагаар бол долдугаар сарыг дуустал амрах зав байхгүй гэв. Ингээд их мастер Б.Гүндаваа, Б.Мөнгөнтуул нартай цөөн хором ярилцсанаа хүргэе.

-Удахгүй Азийн аваргыг зорих гэж байна. Бэлтгэл сургуулилтаа хэрхэн базааж байна вэ?

-Б.Мөнгөнтуул: Шигшээ баг болон энэхүү тэмцээнд оролцох бүрэлдэхүүнээрээ бэлтгэлээ хийж байна. Заримдаа ганцаараа ч хийх тохиолдол гардаг. Дээрээс нь “Ихэр бэрс” клубын таван жилийн ойн нэрэмжит тэмцээн бол Азийн аваргын өмнөх хамгийн том сорил, бэлтгэл болж байна.

-Б.Гүндаваа: Шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаад өдөр бүр л хамтарсан бэлтгэл хийж байна. Бэлтгэл сургуулилт дажгүй сайн байгаа.

-Ойрд нэлээд завгүй байх бололтой. Тийм үү?

-Б.Мөнгөнтуул: Тийм ээ. Ер нь бол энэ жил оролцох тэмцээнд нэлээд их бий.

-Б.Гүндаваа: Угаасаа тэмцээн их байгаа учраас амрах зав алга. Азийн аваргад оролцохоос өмнө дотоодын хоёр ч тэмцээнд оролцох юм. Олон улсын тэмцээний өмнөх том сорил, бэлтгэл болно.


Нүүр хуудас