Унаач хүүхдийн амь ямар үнэтэй вэ?

2013-05-09 08:12:00

Монголчууд хурдан морь, унаач хүүхдээ зовоохгүй тулд өвлийн улиралд наадам хийдэггүй байжээ. Харин сүүлийн үед хурдан морины уралдаан эрийн гурван наадам, ард түмний зугаа цэнгэл байхаа больж, хөрөнгө бэлтэй хүмүүсийн “хобби” болон хөгжиж байгаа. Тиймдээ ч морины уяа сойлго тааруулах нь бүү хэл машинаасаа бууж үзээгүй “Манлай уяач” олширсон нь үнэний хувьтай. Харин үүний цаана унаач хүүхдийн хувь заяа, амь нас, аюулгүй байдал алдагдахад хүрэв.

Гутал нь сугарч, хамраас нь цус гаран нүүр нүдгүй шавар шавхай болсон хурдан  морь унаач хүүхдүүдийг харахаар наадам үзэж цэнгэхээсээ илүү нүд хальтирахад хүрнэ. Адуугаар наадаж болох ч гэлээ алдрай бяцхан үрсээрээ наадаж болох уу даа, бид. Наадмын тоосон дунд бяцхан үрс минь мориноосоо унаж, гишгүүлж, зарим нь бүр боссон тоосонд харагдахгүй байсаар машинд дайруулж нас барж байна.Сар шинийн баярын дараа болсон Хаврын урал­дааны үеэр унаач хүүхдийн амь эрсэд­сэн эмгэнэлт явдал дахиад л гарсан.

“Ниргэсэн хойно нь хашгирав” гэгчээр үүний дараа л Монголын морин спорт, уяачдын холбооноос 2013 оны зургаадугаар сарын 1-нийг хүртэл хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглов. Гэхдээ энэ хоригийн хугацаанд хурдан морь унаач хүүхдийн амь нас, эрүүл мэндийн эрсдэл дээр мэргэжлийн холбоод нь төр засагтайгаа хамт анхаарч, арга хэмжээ авна хэмээн олон хүн найдсан юм. Гэвч эрхэм түш­ээд эдийн засаг, төсөв хөрөнгөн дээрээ талцаад хүүхдийн амь нас, аюул­гүй байдлын асуудлаар анхаа­рах сөгөөтэй хүн алга. Удахгүй дахиад наадам болно.

Өнгөрсөн жилийн баяр наадмаар 100 гаруй хүүхэд хурдан мориноос унаж, гэмтэж бэртсэн байна. Гэсэн ч наадамчид, хүүхдийн эрхийн байгууллагууд үүнийг байдаг л нэг жирийн үзэгдэл мэтээр хүлээж авсан уу, өмнөхийн адил чимээгүйхэн өнгөрсөн. Хаа очиж Хүний эрхийн үндэсний комисс, Хүүхдийн төлөө газрынхан энэ удаа баяр наадмын зохион байгуулалт, хурдан морины унаач хүүхдэд анхаарах цаг болсон талаар дуугарч эхэлсэн. Гэвч хөрөнгө мөнгөтэй хүмүүсийн өмнө хүний эрхийн комисс ч хүртэл хүчин мөхөсдөв үү гэлтэй аажим аажмаар дуу нь суларч эхэллээ. Уг нь Хүүхдийн төлөө газар, Хүний эрхийн үндэсний комиссоос хүүхдээр хурдан морь унуулах явдлыг “хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр” хэмээн үзэж, албан ёсоор хориглох саналаа Засгийн газарт тавиад байсан юм.


Нүүр хуудас