Санал тоолох машин туршсан дүнгээ танилцуулав

2013-06-17 10:35:24

Санал тоолох машиныг турших хүрээнд 342  саналын хуудас уншуулжээ. Өгөгдсөн тавилын дагуу уншсан  эдгээр саналын хуудас зөв тоологдож, сонгож авсан машинууд тооллогын алдаа гаргаагүй гэж ”МИДАС” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал  С.Энхжаргал мэдэгдлээ.

Энэ  байгууллага нь  сонгуулийн автоматжуулсан системийн  үйл ажиллагаанд мониторинг хийх хүрээнд санал тоолох машинд туршилт хийх, түүнд намууд болон төрийн бус байгууллага, хэвлэл, мэдээллийн төлөөллийг оролцуулах санал санаачилгыг гаргасан юм.

Сонгуулийн ерөнхий хороо үүнийг дэмжиж  улмаар тус байгууллага  олон талын төлөөллийг оролцуулан санал тоолох машиныг туршсан байна. “МИДАС” төрийн бус байгууллагын төлөөлөгч туршилтынхаа дүнг сэтгүүлчдэд танилцуулахдаа, сонгуулийн автоматжуулсан системийн талаар  олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх,  зөв ойлголт,  илүү итгэл үнэмшил бий болгох зорилгоор санал тоолох машиныг туршсан гэдгээ онцлов.  Ингэхдээ, тест бүрийн дараа биллийг хэвлэж туршилтад оролцсон намуудын төлөөллөөр  гарын үсэг зуруулж баталгаажуулсан гэлээ.

                                                                                                                                                                                                                                      Л.Дэлгэр

           

 


Нүүр хуудас