Өвлийн олимпийн соёлын хөтөлбөрт оролцох боломж

2013-05-09 08:09:00

ОХУ-ын Хар далайн эргийн Сочи хотноо ирэх жил зохиогдох өвлийн олимпийн 22-р наадмын хүрээнд наадмыг Зохион байгуулах хорооноос Соёлын хөтөлбөр зарласан билээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд нийт уран бүтээлч хувь хүн, хамт олны дунд олон улсын нээлттэй тэмцээн зарлажээ.

Тэмцээний хүрээнд урлагийн дараах төрлөөр үзүүлбэр хийвэл зохилтой. Акробат, гимнастик, алиалагч, жонглёр, амьтан сургагч, илбэ, ярианы урлаг (элэглэл, ганц хүний яриа), дуу (уянгын, романс, жазз оркестр...), бүжиг (ардын, баллет, цэнгээнт, модерн...), хүүхэлдэйн үзүүлбэр, пантомим. Тэмцээний шалгаруулалт хоёр хэсгээс бүрдэнэ. Онлайн санал асуулгаар шигшээ тэмцээнд оролцогчдыг сонгох бөгөөд удаад нь мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн тусгай комисс шүүж, гурван ялагч хувь хүн/хамтлагийг сонгох юм. Гурван ялагчийн бүх зардлыг Сочи 2014 олимпийг зохион байгуулах хороо хариуцана. Харин бусад шигшээд шалгарсан хүмүүс өөрсдийн зардлаар Сочи хотноо очиж үзүүлбэрээ үзүүлэх боломжтой ажээ.

Тэмцээнд оролцохыг хүссэн хүмүүс видеоны ямар ч сайтад өөрсдийн үзүүлбэрээ байрлуулж болох ба видеоны холбоос, өөрсдийн мэдээллээ contest@sochi2014.com хаяг руу 2013 оны 8 дугаар сарын 28-наас өмнө явуулах ёстой.

Түүнээс гадна бөглөсөн анкетийн хамт PO Box 154 for SKC, Moscow 105005, Russian Federation. Хаяг руу илгээж болно.

Тэмцээний санал асуулга www.culture.sochi2014.com онлайн хаягаар явагдана. Дэлгэрэнгүй мэдээллийг мөн уг сайтаас авах боломжтой.


Нүүр хуудас