ТУЗ-ийг чадавхижуулснаар эдийн засгийн өсөлтөд хүрнэ

2013-06-10 18:15:16

Монголын хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороо, Компанийн засаглалын зөвлөх, мэргэжилтнүүдийн нийгэмлэг хамтран олон нийтэд нээлттэй компаниудын ТУЗ-ийн нарийн бичгийн дарга, удирдах ажилтнуудад сургалт зохион байгууллаа. Сургалтад Компанийн засаглалын зөвлөх, мэргэжилтнүүдийн холбоо болон Санхүүгийн зохицуулах хороо, МХБ-ийн мэргэжилтнүүд оролцож, лекц уншсан юм. ТУЗ-ийг чадавхижуулах асуудал нь олон нийтэд нээлттэй буюу Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй, хувьцаат компаниудад онцгой чухал байдаг аж. Учир нь тухайн компанийн удирдлага, засаглал хэр сайн байхаас мянга, мянган хувьцаа эзэмшигчдийн хувь заяа шалтгаалдаг гэнэ. Тийм учраас хувьцаат компаниудын ТУЗ-ийг чадавхижуулахад мэргэжлийн байгууллагууд ийн анхаарчээ. ТУЗ-ийг чадавхижуулснаар компанийн засаглал сайжирч, тэр хэрээр компаниудын ашиг орлого ч нэмэгдэх боломжтой. Түүнчлэн ашиг орлого нэмэгдсэнээр улсын төсөвт төвлөрүүлэх татварын хэмжээгээ нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох зэрэг ач холбогдолтой юм. Тийм учраас ТУЗ-ийг чадавхижуулснаар эдийн засгийн өсөлтөд хүрэх боломжтой гэдгийг хэлж байлаа. Монголын хувьд хувьцаат копаниудын ТУЗ-үүд юу хийдэг нь төдийлөн тодорхойгүй, гүйцэтгэх удирдлага эсвэл өөр бусад удирдлагын функцтэй эрх, үүрэг нь давхцдаг зэрэг алдаа бий гэнэ. Үүнийг засаж, компанийн ТУЗ, гүйцэтгэх удирдлага зэргийн ажил үүргийн хуваарийг тодорхой болгох нь чухал гэж байв. Түүнчлэн ТУЗ-ийн хараат бус гишүүдийг томилохдоо ихэвчлэн аль нэг захирлын жолооч, туслахуудыг сонгох нь элбэг байдаг аж.

Л.Дэлгэр 


Нүүр хуудас