Зөвхөн эрчүүдэд

2013-05-09 11:28:00

Хүдэр бор арьс эрчүүдийн бахархал гэсэн ойлголт аль эрт моодноос гарчээ. Долоо хоногтоо нэг маск тавиулж, өглөө нүүрэндээ тос түрхэж, гадагш гарахдаа нарны хамгаалалтын тос хэрэглэх нь тийм гаж зүйл шиг санагдахаа хэдийнэ больжээ. Залуу сайхан харагдах нь арьс арчилгаатай салшгүй холбоотой. Эрүүл саруул амьдралын хэв маяг, зохих ёсоор зөв арчилсан үед арьсны гаднах давхарга буюу эпидермис нь сар тутам бүрэн шинэчлэгдэж байдаг. Ийм арьс эрүүл, толигор байдаг. Эрэгтэйчүүдийн арьс хавар, зундаа тослогийн хэмжээ нэмэгдэж, арьсан дээр нөсөө толбо гарах нь элбэгшдэг. Нарны хэт ягаан туяа хүчтэй болдог тул арьс харлаж, чийг дутагдан үрчлээ үүсч эхэлдэг. Энэ бүгдийн эсрэг та ямар арга хэмжээ авах вэ?

Эмэгтэйчүүд л гоо сайхандаа анхаарч толины өмнө эргэлддэг гэсэн ойлголтыг одоо хая. Та иргэний үнэмлэх дээрх насаа март. Гагцхүү бусдын нүдэнд хэдэн настай юм шиг харагдаж байгаагаа сана гэсэн үг байдаг.

Эрчүүдийн арьс эмэгтэйчүүдийнхээс нэлээд олон талаараа өөр байдаг. Тэдний арьс 20 хувь илүү зузаан, бат бөхөөс гадна шингэн алдаж хуурайшихдаа бага байдаг. Мөн эрчүүдийн арьсны цусан хангамж илүү идэвхтэй байдаг тул шинэчлэгдэх нь хурдан. Арьсных нь онцлогоос шалтгаалж хөгшрөлт нь таваас долоон жилээр хожуу эхэлдэг. Эдгээр онцлогоо эрчүүд бүрэн ашиглаж чаддаг байсан бол эмэгтэйчүүдтэй харьцуулахад илүү олон насаар залуу харагдах бүрэн боломжтой. Харамсалтай тамхи, архи, стресс нь дийлэнх эрчүүдийн хувьд энэ давуу талуудыг үгүй хийж орхидог.


Нүүр хуудас