Дээлтэй сонгууль

2013-06-10 11:40:34

Монголчууд ардчилалд шилжсэнээс хойшхи зургаа дахь удаагаа төрийн тэргүүнээ сонгоход хоёрхон долоо хоног үлдлээ. Энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгууль урьд өмнөх сонгуулиудтай харьцуулахад ихээхэн онцлогтой болж байгаа юм. Анх удаагаа эмэгтэй хүн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшлээ. Мөн 80 жил эрх барьсан нам маань хоёр хуваагдаж, нэг угшилтай хоёр нэр дэвшигч өөр хоорондоо өрсөлдөх болов. Мөн сонгуулийн сурталчилгаа өмнөх жилүүдтэй харьцуулахад ахар богино хугацаанд буюу 33 хоногт ихээхэн хязгаарлалтын дор явагдаж байна.

Нэр дэвшигчид тавдугаар сарын 22-нд үнэмлэхээ гардан авч сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлснээс хойш 20 хоног өнгөрч өрсөлдөгчид уралдааны замынхаа ихэн талыг ардаа үдсэн энэ хугацаанд нэр дэвшигчдийн сурталчилгааны өнгө аяс ямархуу байгааг авч үзье.

 

Хэний уриа хүмүүст хоногшив?

 

МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийн сурталчилгааны гол мессеж болон уриа нь сонгуулийн сурталчилгааны эхний долоо хоногт бусад хоёр нэр дэвшигчийнхийг бодоход илүүтэй танил болсон. Түүний “Миний нэр цэвэр, миний гар цэвэр, миний сэтгэл цэвэр” хэмээх мессеж нь хүмүүсийн эгдүү болон инээдийг хүргэсэн хэдий ч яах аргагүй хамгийн их анхаарал татсан мессеж болж чадлаа. 

Харин түүний “Эвийг эрхэмлэж, зөвийг дэмжинэ” хэмээх уриа нь МАН-ын улиг болсон эв нэгдэл, эвтэй байхдаа хүчтэй гэх мэт хуучны лоозонгуудыг санагдуулж байгаа хэдий ч ямар ч байсан ойлгомжтой тодорхой байгаа юм.

Нөгөө хоёр өрсөлдөгч болох Ц.Элбэгдорж болон Н.Удвал хоёрын хувьд чухам ямар уриатай энэ удаагийн сонгуульд оролцож байгаа нь сурталчилгааны эхний үед тодорхойгүй байв. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уг нь “Монгол улсын төлөө зүтгэе” гэсэн уриатай өрсөлдөж байгаа боловч сурталчилгааны зурагт самбарууд дээрээ “Ерөнхийлөгчөө дэмжье” гэсэн мессеж  тавьсан байгаагаас яг нэр дэвшигчийн хувьд юу хийх, яах эсэхийг тодорхойлсон уриа нь олон түмэнд сайн ойлгогдсонгүй. Уг нь анхны сэтгэгдлийн онолоор бол нэр дэвшигчийн анхны үг, анхны уриа, анхны зурагт самбар гэх мэт олон нийтэд хамгийн хүчтэй сэтгэгдэл төрүүлж хоногшиж үлдэх учиртай.

МАХН-аас нэр дэвшигч Н.Удвалын хувьд бол сурталчилгаа бүр ээдрээтэй байна.

Түүний “Таван асуудал, таван зорилт” хэмээх сонгуулийн уриа нь ойлгомжгүйгээс гадна уриа гэхээс илүү мөрийн хөтөлбөрийн гарчиг шиг харагдаад байгаа юм. Уг нь сонгуулийн уриа бол тухайн нам юмуу нэр дэвшигчээ хамгийн цөөн үгээр хамгийн ойлгомжтойгоор илэрхийлж хүмүүсийн анхаарлыг татсан байх ёстой юм.

Н.Удвалын ТВ дэх сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгүүдээс үзэхэд дан ганц сөрөг сурталчилгаа давамгайлах янзтай байна. Шуудхан хэлэхэд экс ерөнхийлөгч Н.Энхбаярын гомдол, тунирхал энэ намын нэр дэвшигчийн сурталчилгаанаас ханхлаад байх юм. Нэр дэвшигч Н.Удвалын хувийн тоглолт огт алга. Цаанаас захиалгатай аятай өнөө л МАХН гэсэн нэрийг сольж түүхэн том алдаа гаргасан, Н.Энхбаяр ямар мундаг хүн байлаа, одоо яасныг хар гэх маягийн сурталчилгаа гэхэд хэцүү, дурсамж маягийн юм яваад байх юм. Энэ намаас 2013 оны ерөнхийлөгчийн сонгуульд Н.Удвал нэр дэвшээд байна уу, Н.Энхбаяр нэр дэвшээд байна уу гэдгийг ялгахад төвөгтэй байна.

 

Дээлтэй Монгол хийгээд үндэсний үзэл ханхалсан сурталчилгаа

 

Энэ удаагийн сонгуульд манай гурван нэр дэвшигч дээл өмсч, “Монгол гэсэн нэрээрээ гоёж” өрсөлдөж байх шиг. Хөтөлгөө морьтой хүрэн дээлтэй Ц.Элбэгдорж, мөн л хүрэн дээлтэй, гаанс нэрсэн Б.Бат-Эрдэнэ, ногоон, цэнхэр дээлийг ээлжлэн өмсөх Н.Удвал гээд л...

Монгол дээлээ өмсч зургаа авахуулах сайхан л даа, гэвч дээлний цаанаас зарим нэр дэвшигчийн хэлж байгаа үг яриа нь нэг л бишээ. МАН жил жилийн сонгуулиар  өрсөлдөгчдөө угсаа гарлаар ялгаварласан сөрөг сурталчилгаа явуулдгийг аварга Б.Бат-Эрдэнэ энэ удаа ч мөн тойрч гарсангүй. Тэрбээр сурталчилгааныхаа нээлт дээр “Миний гарал үүсэл төрийн тэргүүний зэрэг дэвд нийцнэ” гэж хэлснээрээ олон хүний дургүйг хүргэчихлээ.

Нэг бүдэрвэл долоо бүдэрнэ гэгчээр үүний дараа МАН-ын албан ёсны сайт болон Үнэн сонины сайтуудаар “Үнэхээр Б.Бат-Эрдэнийг цэвэр монгол хүн гэдэгт эргэлзэхийн арга даанч үгүй” гэх мэтээр үндсэрхэг үзэл, хатуухан хэлэхэд фашизм үнэртсэн нийтлэл гаргаж нэр дэвшигчээ баллаж орхив. 2009 оны сонгуульд Н.Энхбаярын сонгуулийн штабаас гаргасан алдааг аварга Б.Бат-Эрдэнэ мөн л давтах бололтой дог.

 

Цахим ертөнц дэх өрсөлдөөн

Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон гудамж талбайд тараагдсан нэр дэвшигчдийн албан ёсны сурталчилгааг харахад нэг иймэрхүү дүр төрхтэй байгаа бол нийгмийн сүлжээ буюу цахим ертөнц дэх facebook, twitter, блог хуудсуудаар бол ёстой есөн шидийн сурталчилгаа, тэр дундаа нэр дэвшигчдийн эсрэг сөрөг сурталчилгаа газар авч байна.

Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулинд зааснаар сурталчилгааны албан ёсны бүхий л үйл ажиллагаа цаг хугацаа, орон зай, агуулгын хувьд ихээхэн хязгаарлагдмал явагдах ёстой болж байгаа тул нэр дэвшигчид болон улс төрийн намууд одоогоор харьцангуй чөлөөтэй байгаа цахим ертөнцийг ашиглахаас ч өөр аргагүй юм. Гэхдээ нэр дэвшигчдийн дэмжигчид энэхүү сул орон зайд сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэхээс өмнө хэдийнэ эерэг сөрөг сурталчилгаа явуулаад эхэлчихсэн билээ. Хэдийгээр гурван нэр дэвшигч байгаа ч гол өрсөлдөөн МАН ба АН-ын нэр дэвшигчдийн хооронд явагдах нь тодорхой тул цахим ертөнцөд ч Б.Бат-Эрдэнэ, Ц.Элбэгдорж нарын янз бүрийн хошин гэмээр мессеж мэдээллүүд ар араасаа хөвөрсөөр.

Facebook-ээр Б.Бат-Эрдэнэ бол сайхан биерхүү монгол эр, харин Ц.Элбэгдорж бол морин дээр мордоход хөл нь хүрэхгүй бие жижиг гэх маягийн зурагнууд тараагдаж Б.Бат-Эрдэнэ аваргын сайхан дэвсэн, барилдсан зураг дүүрсэн байна.

   Харин үүний хариуд Ц.Элбэгдоржийн ийм нэгэн сурталчилгаа цахим орон зайд орж ирэв

                           Аваргын эсрэг аварга буюу АН-ын алиа алхам

 

Сонгуулийн сурталчилгаа эхлэнгүүт аварга А.Сүхбат, Асашёорюү Д.Дагвадорж нар АН-д элсч байх юм. Хэн аль намд элсэх нь угтаа тухайн хүний сонголт л доо. Гэвч сонгуулийн кампанийн ид үеэр хэвлэл мэдээллийн өргөн сурталчилгааны дор сүртэйхэн хийгдэж байгаа энэ явдал нь АН-ын сонгуулийн штабаас явуулж байгаа алхам бололтой дог.

Ах намаас аварга Б.Бат-Эрдэнийг нэр дэвшүүлчихээд Элбэгээг бие жижиг энэ тэр гээд даапаалаад байгаагийн хариуд хоёр том бөхийг өөрийн талдаа авч Б.Бат-Эрдэнэтэй барилдуулах гээд байгаа ч юм шиг марзан санагдах юм. Яахав энэ арга хэмжээний санаа нь бол бөхөд дуртай сонгогчдын санал бүгд Б.Бат-Эрдэнэ аварга руу эргэчих вий дээ гэж болгоомжилж тэдгээр сонгогчдын саналыг татах зорилготой байх. Гэхдээ л хоёр бөх АН-д элслээ гээд тэднийг дагаж намирах сонгогчид хэд байх бол?

АН, Ц.Элбэгдорж ерөнхийлөгч хоёр уг нь ингэтлээ жижигрэх болоогүйсэн. Ардчиллын алтан хараацай, гадаад дотоодод нэр хүндтэй ерөнхийлөгч маань Монгол бөхөд аварга хэдий ч улс төрийн хувьд бол залуу бөх Б.Бат-Эрдэнэтэй үзэхийн тулд хэрэгтэй хэрэггүй баахан бөхчүүдийг өөрийн талд татах шаардлага байхгүй дээ, уг нь.

 

Улс төр судлаач Ц.Мөнхцэцэг

 


Нүүр хуудас