“Blue” хамтлаг Монголд тоглоход 11 хоног үлдлээ

2013-09-03 11:38:39

Их Британий хөгжмийн дээд шагналт, шилдэг R’nB, поп хамтлагийн төлөөлөл, 2001 онд албан ёсоор анх үүсэн байгуулагдсан цагаас эхлэн дэлхий даяар охид, залуусын зүрх сэтгэлийг эзэмдэж, Британийн чартуудыг нэгэн үе тэргүүлж байсан “Blue” хамтлаг Монголд зочлоход 11 хоног үлдплээ. “Evento” компаний урилгаар Монгол орныг зорьж, үзэгч, фэнүүдэдээ бүх супер хитүүдээ багтаасан аялан тоглолтоо амьд хөгжимтэй хамтлагтайгаа хүргэхээр болсон “Blue” хамтлагийнхан энэ сарын 14-нд  Төв цэнгэлдэх хүрээлэнд ганцхан удаа тоглох юм.

“Blue” хамтлаг өөрсдийн албан ёсны цахим хуудсаараа дамжуулан дэлхийг тойрон аялах тоглолтын нэгийг Монголд хийх болсоноо зарлаж, үзэгч фенүүдээ баярлуулсан юм.

 

Тоглолтыг зохион байгуулагчдын хувьд дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын шоу, тоглолтын хэв загварт нийцүүлэн өндөр төвшинд жишиг болгон зохион байгуулахаар ажиллаж байгаагаа онцлон хэлсэн юм. Учир нь сүүлийн арав гаруй жил Төв цэнгэлдэх хүрээлэнд дэлхийн хэмжээний одод ирж, тоглолтоо хийгээгүй завсардаад байсан учраас тэд энэ удаад шинийг мэдрүүлэхээр зэхсэн аж. Тиймээс энэхүү тоглолтыг “Мандал женерал” даатгал компаниар даатгуулан дэлхийн стандартын дагуу тухайн тоглолтод оролцож байгаа хамтлагитйн гишүүд, хөгжим техникийн ажилчид болон тухайн тоглолтыг үзэж байгаа үзэгчдийг ч давхар даатгалд хамруулан хамгаалж байгаа аж.

“Blue” хамтлагийнхан менежер, хөгжимчид болон бусад дагалдах хүмүүсийнхээ хамтаар ирэх есдүгээр сарын 13-нд Улаанбаатар хотод газардана. Тэднийг угтан авах фенүүдийг цахим хуудсаараа холбогдож нэгдсэн зохион байгуулалтайгаар Чингис хаан нисэх буудлыг зорих нь ээ.

 

Харин тоглолтын тасалбарын хувьд гэвэл 30, 60 мянган төгрөг гэсэн хоёр ангилалтай байх ба дотроо чип бүхий ухаалаг картаар нууцлалын хувьд хамгийн өндөр түвшинд хэвлэжээ. Тоглолтын тасалбарыг  “Evento” компани өмнөх “Michael Learns To Rock ” хамтлагийг урин авчирч, тоглолтынх нь тасалбарыг онлайнаар худалдаалж байсан шигээ энэ удаад ч онлайнаар захиалга аван борлуулах гэнэ. Тоглолтын тасалбарыг www.evento.mn, www.easyticket.mn цахим хуудсанд захиалан авч болох бөгөөд харин 60 мянган төгрөгийн тасалбарыг зөвхөн “Hi-Fi”, “Orange records”-ийн салбаруудаас болон 1617, 1109-өөр хүргүүлэн авч болох нь ээ.

 

Гэрэл хөгжмийн гайхамшиг болсон дэлхийн хэмжээний томоохон тоглолтыг эх орондоо үзэх өдрийг тэсэн ядан хүлээх л үлдлээ.

 

Г.Даша

 

 


Нүүр хуудас