“Bikini show” шоу өнөөдөр болно

2013-09-02 12:24:00

"Мисс монголиа" холбооноос санаачлан жил бүр зохиодог монголын сайхан бүсгүйг шалгаруулдаг "Miss Mongolia 2013" тэмцээний шилдэг 23 оролцогчид хэдийнэ тодорч, шилдгээ шалгаруулахаар өрсөлдөж байгаа билээ. Тэгвэл өнөөдөр уг тэмцээний хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 19.00 цагт “Bikini show” шоу болох нь ээ. Зохион байгуулагчид тэмцээний шалгаруулалтыг өмнөх жилүүдийнхээсээ өөрөөр хийхээр төлөвлөөд байгаа бөгөөд “Bikini show” шоуг өргөн хүрээг гайхалтай шоу болно хэмээн амлаад байгаа юм. 

 

"Мисс монголиа" холбооноос санаачлан 2004 оноос хойш тасралтгүй 10 дахь жилдээ зохиож буй уг тэмцээнд энэ жил Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Завхан зэрэг аймаг хотуудаас нийт 70 гаруй охид бүртгүүлэн оролцсноос шүүгчдийн нэгтгэсэн оноогоор шилдэг 20 оролцогч шалгаран үлдсэн бөгөөд мөн шүүгчдийн саналаар гурван охин нэмэгдэж, дараагийн шатанд 23 охин шалгарч үлдсэн юм.


"Miss Mongolia 2013" тэмцээний анхан шатны шалгаруулалт өнгөрсөн наймдугаар сарын 27-нд МҮОНРТ-ийн байранд болсон бөгөөд уг шалгаруулалтын ерөнхий шүүгчээр “Мисс Монголиа” холбооны ерөнхийлөгч Д.Сумьяа, шүүгчээр МҮОНТ нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо, “СИТИ” дээд сургуулийн захирал, доктор профессор Ц.Байгальмаа, “Их урлаг” нийгэмлэг төрийн бус байгууллагын тэргүүн, урлаг судлаач, зураач, Соёлын тэргүүний ажилтан Д.Энхтайван, урлаг судлаач Б.Наранзун нар ажилласан юм.

"Miss Mongolia" тэмцээний ялагчид олон улсын миссийн тэмцээнд оролцох урилгын эзэн болдог бөгөөд энэ жилийн ялагчдийн хувьд тэргүүн мисс  Японы Окинаво хотноо болох "Miss International 2013" тэмцээнд оролцох эрхийг гардан авах бол дэд мисс Африкийн Экваторт болох  “Miss World  tourism”-2013, гуравдугаар байрт шалгарсан мисс БНСУ-ын Сөүл хотноо болох “World "Miss University 2013" тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн оролцох эрхийг тус тус хүртэх нь ээ.

 

Сонирхуулахад, "Miss Mongolia" тэмцээний анхны миссээр загвар өмсөгч Ч.Содтуяа тодорч байсан бөгөөд 2005 оны миссээр Б.Гантогоо, 2006 оны миссээр Д.Болортуяа, 2007 оны миссээр Б.Гэрэлчулуун, 2008 оны миссээр О.Хулангоо, 2009 оны миссээр Х.Бадамгэрэл, 2010 оны миссээр Б.Бадамцэцэг, 2011 оны миссээр И.Төгс, 2012 оны миссээр Д.Долгион нар шалгарч титмийн эзэн болж байсан юм. Харин энэ жилийн миссээр хэн тодорохыг харах л үлдлээ.

 

Г.Даша


Нүүр хуудас