”Албан тушаалын хэрэгт орооцолдоогүй”

2013-06-10 10:12:53

 

 

Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатар өнгөрөгч долоо хоногийн баасан гаригийн орой 22.30 цагийн орчим “Korean air” компанийн нислэгээр Улаанбаатарт хүрэлцэн ирсэн юм. Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан түүнийг нисэх онгоцны буудалд буусны дараа бид утсаар холбогдож цөөн асуултад хариулт авлаа.

“Ийгл.мн” цахим сайтаас холбогдож байна. Таниас ярилцлага авах боломж байна уу?

Хууль хяналтын байгууллагынхан намайг баривчлахаар ирсэн гэж сонслоо. Би баригдчихгүй бол ярилцлага өгч болно шүү дээ. Миний хувьд гэмт хэрэг үйлдчихээд оргон зайлаагүй. Сингапурт болсон “Ахмад настанд эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай үзүүлэх нь” олон улсын хуралд оролцоод  эх орондоо ирлээ.

Таныг ямар хэрэгт буруутган сэжигтнээр татан шалгаж байгаа юм бол?

Намайг Интерполоор эрэн сурвалжилж байгаа талаар  өнгөрөгч долоо хоногт цагдаагийн байгууллагаас олон нийтэд  мэдээлсэн байна билээ.  Өнөөдрийг хүртэл   би ямар хэрэгт холбогдсоноо мэдэхгүй явна. Хэрэв намайг эрэн сурвалжилж байсан бол надад энэ тухай мэдэгдэх ёстой. Би эх орноосоо зугтаагүй.

Албан тушаалаа урвуулсан хэрэгт татагдсан юм биш үү?

Албан тушаалын хэрэгт шалгагдаагүй. Улс төрийн ямар нэгэн шалтгаанаар хорих гээд байна уу гэж хардаж байна. УМБГ-ынхан үнэнийг тогтооно гэдэгт эргэлзэхгүй байна. Хэлмэгдүүлэхгүй байх.

 

 

Хэсэг хормын дараа түүнтэй уулзаж ярилцлага авахаар товлосон боловч боломж гарсангүй. Учир нь УМБГ-ын ажилтнууд нисэх онгоцны буудлаас  түүнийг  цагаан өнгийн автомашинд албадан суулгаж Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтэс рүү авч явсан юм. Түүнээс хойш хоёр цагийн дараа буюу шөнийн 01.40 цагийн үед 02-64 УНҮ улсын дугаартай суудлын автомашинаар түүнийг Цагдан хорих 461 дүгээр анги руу хүргэхээр хөдөллөө.

Баривчлагдах үедээ Н.Хүрэлбаатар шар ноолууран цамц, шаргал өмдтэй, царай нь цонхийгоод багагүй турсан харагдсан.

Эх сурвалжийн хэлж буйгаар УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст  Н.Хүрэлбаатарыг Эрүүгийн хуулийн 166.1-т зааснаар буюу мөнгө угаасан гэх хэрэгт  сэжигтнээр татсан гэх мэдээлэл байна.

 

 

 

 

 

 

 

Н.Түвшин, Гэрэл зургийг Т.Бямба-Очир


Нүүр хуудас