500 гаруй хүүхэд эм ууж хорджээ

2016-01-08 15:35:21

 

ЭХЭМҮТ-ийн хоол боловсруулах эрхтний эмгэг судлалын тасагт эм хэтрүүлэн хэрэглэж, хордлогод орсон хүүхдүүд ихэсчээ. Тухайлбал, сүүлийн таван жилийн хугацаанд л гэхэд эм ууж хордсоны улмаас 500-600 хүүхэд ЭХЭМҮТ-д хандсан аж.

 

Үүний 20 гаруй хувь нь амиа хорлох гэсэн үйлдэл байсныг ЭХЭМҮТ-ийн хоол боловсруулах эрхтний эмгэг судлалын тасгийн эрхлэгч Ч.Лхамсүрэн хэллээ.

 

Нас, насны хүүхдүүд эмийн тунг хэтрүүлж эмэнд хордож ирдэгийг эмч нар хэлж байна. Тэр дундаа өсвөр насны хүүхдүүд зориудаар буюу санаатайгаар амиа хорлох зорилгоор олон эм давхарлан ууж, эрүүл мэндээ хохироох явдал гарч байгаа аж.

 

Эмэнд хордож, эмнэлэгт ирсэн хүүхдүүдэд ЭХЭМҮТ-ийн хүлээн авах тасагт хордлого тайлах эмчилгээ хийдэг байна. Мөн хүнд хордсон  хүүхдүүдийг сэхээн амьдруулах тасагт хэвтүүлж эмчилдэг аж. Ихэвчлэн хүүхдүүд сэтгэлзүйн хувьд хүнд байдаг учраас эмчилгээний хажуугаар сэтгэлзүйн тусламж үйлчилгээ, заслын эмчилгээг хийдэг гэнэ.  

 

Харин хүүхдүүдийн амиа хорлохоор завдсан шалтгааны 70 хувь нь гэр бүлийн дотоод уур амьсгал, маргаанаас үүдэлтэй гэдгийг сэтгэлзүйч Э.Дэжид хэлж байна. Мөн тэрээр  өсвөр насны хүүхдүүд сэтгэл санааны хувьд тогтворгүй байдаг учраас эцэг эхчүүд хүүхэддээ анхаарал хандуулж, тэдэнтэй ойр дотно байхыг зөвлөлөө.

 

М.Цэцэг

 

 

 

 

.

 

 

 


Нүүр хуудас