Тост, Тосонбумбын нуруунд лицензтэй гишүүдийг татгалзахыг уриалав

2016-01-08 14:29:08

 

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост, Тосонбумбын нуруунд ашигт малтмалын хайгуулын лицензтэй УИХ-ын гишүүдийг татгалзахыг уриалжээ.

 

Тус газарт хайгуулын лицензтэй 16 компани, ашиглалтын лицензтэй нэг компани байдаг гэдэг. Харин энэ тоо сар бүр өөрчлөгдөж, 2-3 лиценз нэмэгдэж, хасагддаг гэх мэдээлэл бий.

 

Тухайлбал, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 02-ны өдөр Тост, Тосонбумбын нурууг хамгаалалтад авах асуудлыг хэлэлцэх үеэр тус сумын ИТХ-аас уг бүс нутагт дөрвөн том уурхай ажилладаг гэдгийг мэдээлсэн юм.

 

Тус бүс нутагт “Меншикуание”, “Эф Эм Ай, Жи Ди Би Эн”, “Саус гоби сэндс”, “Мөнхийн номхон далай”, “Намуунтод”, “Элбэг-Орд”, “Саус гоби коэл транс” зэрэг компаниуд ашиглалтын болон хайгуулын лицензтэй аж. 

 

Эндээс “Саус гоби коэл транс” ХХК-ийн 50 хувийг УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн эзэмшдэг. Тэрээр энэ талаар мэдээлэл хийж, хувь эзэмшдэг гэдгээ нийтэд мэдэгдсэн. Мөн Тост, Тосонбумбын нуруунд байгаль хамгаалах чиглэлээр ажилладаг байсан биологич залуугийн үхэлтэй өөрийн компанийг холбоогүй гэдгийг мэдээлсэн удаатай.

 

 

Харин цахим ертөнцөд явагдаж буй лицензээс татгалзах уриалгад УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн одоогоор хариулт өгөөгүй байна. Зарим эх сурвалжийн мэдээлснээр УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгээс нэр бүхий хэд хэдэн гишүүн Тост, Тосонбумбын нуруунд лиценз эзэмшдэг аж. Энэ талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Тост, Тосон бумбын нурууны эргэн тойронд 21 лиценз бий. Тэр дунд хэд хэдэн их хурлын гишүүдийн лиценз байгаа. Ашиглалтын цөөхөн лиценз. Ихэнх нь хайгуулын тэр дундаа байгалийн нөхөн сэргээлт хийх боломжгүй нүүрсний лиценз байгаа” гэж нэгэн хэвлэлд ярьжээ. 

 

Гэхдээ чухам яг хэн гэдэг УИХ-ын гишүүд эзэмшдэг гэдэг нь нууц байна.

 

-Тост, Тосонбумбын нуруунд аялал жуулчлалыг хөгжүүлнэ-

 

Өмнөговь аймгийн Гурвантэс сум нь аймгийн төвөөс 320 км зайд буюу хамгийн алслагдмал оршдог бөгөөд байгалийн өвөрмөц тогтоцтой, ховордсон ан амьтан ихтэй, байгалийн үзэсгэлэн бүрдсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд нэн таатай бүс нутаг аж.

 

Тиймээс тус аймгийн удирдлагууд Тост, Тосонбумбын нурууг түшиглэн аялал, жуулчлалын төв байгуулахыг зорьж байгаа юм байна. Ингэснээр нутгийн ард иргэд ажилтай, орлоготой болохын зэрэгцээ орон нутгийн эдийн засагт ч томоохон дэмжлэг үзүүлнэ гэж үзэж байгаа аж. Харин тэрхүү аялал жуулчлалын төвийг нутгийн иргэд өөрсдөө ажиллуулж, байгаль дэлхийгээ хамгаалагч талийгаач Л-ийн үйл хэргийг үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ.

 

П.Жаргал

 

 


Нүүр хуудас