Шагнал, хариуцлага хоёроор энэ төрийг шагнах Ц.Элбэгдоржийн санаа

2016-01-08 10:50:17

 

Монгол төрийн тэргүүн төрдөө шүүмжлэлтэй хандаж байна. Тэ­рээр өчигдөр “Энэ төрд хариуц­лагын тогтолцоог нэвтрүү­лэх­гүй бол худал, хулгай хоёр нүүрлэнэ” хэмээн онцолж өөрийн санаачилж буй хуу­лийн төслүүдийн талаар танил­цуул­сан юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн санаа­чилсан зургаан хуулийн төс­лийг өнөөгийн төр засгийн төлөв­шил, улс орны хувь заяанд туйлын ач холбогдолтой гэж үздэг аж. Эдгээр хуулийн ач холбогдлын талаар Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн “1990 оны ардчилсан хувьсгалаас дутах­гүй ач холбогдолтой зур­гаан хууль шүү. Заавал батлуу­лаарай” гэж түүнд захисан гэнэ. Эдгээрийн гурав нь УИХ-аар хэдийнэ батлагдаж, мөрдөгдөж эхлээд байгаа.

 

Шилэн дансны тухай хууль, Захиргааны ерөн­хий хууль, Нийтийн сонсголын тухай хууль. Харин үлдсэн гурван хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байгааг нэрлэвэл Төрийн шагналын тухай хууль, Төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хууль, Улс төрийн намын тухай хууль ажээ. Одоогийн төр засагт нүүрлээд буй буруу хазгай бүхнийг засах амин сүнс нь эдгээр хуульд туссан аж. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Энгийн жолоочид 10 онооны зарчмаар хариуцлага тооцож байж төрийн жолоон дээр сууж буй албан тушаалтнуудын хариуцлагын талаар хэн ч ярихгүй байгаа нь харамсалтай. Төрд хариуцлага гэдэг юм хамгийн чухал хэрэгтэй байна. Гэтэл улстөрчид энэ хуулийн төслийг хэлэлцэх нь байтугай нэрийг нь сонсохоос жийрхэж, цэрвэж байна. Нэг жилийн өмнө өргөн барьсан төслийг одоо хүртэл салхи ч оруулсангүй. Хариуцлагын тогтолцоотой болж, түүнийгээ хуульчлахгүйгээр бид цаашаа явах аргагүй ээ. Улс орны нийтлэг эрх ашгийн төлөө зарим асуудал дээр салж биш, нийлж нэгдэж шийдээд явах нь зүйтэй” гэж ярив.

 

Төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх түүний санаачилга чухам ажил хэрэг болж, хууль болон батлагдах эсэх нь ёстой л улстөрчдийн зориг, чин хүслээс шалтгаалах биз ээ. Учир нь албан тушаалтнуудад өөрсдөдөө хариуцлага тооцох сонголтыг Ерөнхийлөгчөөс санал болгож байгаа гэсэн үг л дээ. Хэрэв хууль батлагдвал төрийн өндөр албан тушаалтнуудад сануулах, огцруулах, эргүүлэн татах, уучлалт гуйх зэрэг хариуцлага оногдуулна. Түүгээр ч зогсохгүй, төрийн өндөр албан тушаал эрхлэх эрхийг 2, эсхүл 4 жилийн хугацаатайгаар хязгаарлана. Энэ мэт албан тушаалтнуудыг айлгах заалт бүхий хуулийн төсөлд улстөрчид хойрго хандаж байгаагийн эсрэг идэвхтэй дэмжлэг үзүүлэхийг Ерөнхийлөгч сэтгүүлчдээс хүссэн юм. 


Мөн тэрээр Төрийн шагналын тухай хуулийн төсөл санаачилснаа мэдээллээ. Төрийн шагнал олгох бүрэн эрх нь Ерөнхийлөгчид бий. Хэнийгээ шагнах хийгээд хэдэн хүн шагнахыг ерөнхийдөө Ерөнхийлөгч хүн л ерөнхийлөн мэдэж шийддэг байсан. Тиймдээ ч төрийн шагналыг тойрсон шүүмжлэл, хэл ам, хэрүүл зарга тасарч байсан удаагүй. Хавтгайруулан шагналаа, үнэ цэнэгүй боллоо, нүдээ олсонгүй, хүнээ бодсонгүй гэх мэт шагнал бүрийн араас шороо цацдаг бичигдээгүй хууль хэдийнэ тогтсон. Тэгвэл Ц.Элбэгдорж зарлигаар бус, хуулиар үүнийг зохицуулах мэргэн шийдэл олжээ. Түүний санаачилж буй онцлох өөрчлөлтүүдийн талаар цухас дурдъя. 


Юун түрүүнд төрийн шагналын тоог цөөлөх санал гаргасан байна. Энэ хүрээнд хэд хэдэн шагналыг байхгүй болгох гэнэ. Үүнд, Хөдөлмөрийн баатар, Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон зэрэг шагналыг хасч байгаа юм байна. Хөдөлмөрийн баатар цолыг Улсын баатар, нөгөө хоёр одонг Эрдэнийн очир гэх одонгоор орлуулан төлөөлүүлэх бололтой. Харин салбар бүрээс тодордог гавьяат гэх цолыг бүгдийг байхгүй болгож, ганцхан Монгол Улсын гавьяат зүтгэлтэн гэх шаг­налыг олгох юм байна. Өөрөөр хэлбэл, цаашид Монгол Улсын гавьяат жүжигчин, эсвэл дасгал­жуу­лагч, тамирчин зэрэг цол, шагнал олгогдохгүй.  Хүний нэр бүхий төрийн шагнал, одонгуудаас зөвхөн Чингис хааны одонг авч үлдэж буй. 


Удаах өөрчлөлт нь шаг­налуу­дын тоо хэмжээг хасч, олгох өдөр хугацааг тогтоож өгөх аж. Чингис хааны одонг Монгол бахархлын өдрөөр, Төрийн гэрэгэг цагаан сараар олгоно гэх мэт баяр, тэмдэглэлт өдрүүдэд олгох шагналыг оноож өгсөн бол Улсын баатар цолыг таван жилд нэг, Улсын эрдэнэ цолыг гурван жилд нэг удаа олгоно гэж хугацаа зааж хуульчлах гэнэ. Ингэснээр тухайн шагналын нэр хүнд, үнэ цэнэ, шалгуур асар их нэмэгдэх нь мэдээж. Төрийн шагналуудын тоог 3-5 дахин цөөрүүлж байгаагаа Ерөнхийлөгч мөн онцолсон. Тухайлбал, гавьяат цолыг жилд ердөө 50 хүртэл хүнд л олгохоор тусгажээ. Гэтэл өмнөх жишгээр бол нэг удаагийн шагнал гардуулах үеэр л 50 гавьяат зэрэг төрж байсан тохиолдол бий бөгөөд одоогоор гавьяат цол тэмдэг авах хүсэлт бүхий 8000 хүний тодорхойлолт ирчихсэн хүлээгдэж байдаг тухай тэрээр хэллээ.

 

Ийнхүү төрийн хариуцлага хийгээд шагналын талаар гаргасан Ерөнхийлөгчийн санаачилга УИХ-аар батлагдсанаар ажил хэрэг болох юм. Гагцхүү түүний санааг улстөрчид дэмжих үү, эс хэрэгсэх үү гэдгийг харах л үлдлээ. Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон зэргийг байхгүй болголоо гэх үзэл суртлын эсэргүүцэлтэй нүүр тулах нь дамжиггүй ч улс оронд нэн шаардлагатай хоёр чухал сэдвийг Ерөнхийлөгч гаргаж тавив уу даа гэж олзуурхаж байна. Хариуцлага, шагнал хоёрын нэгээр нь хэт цадаж, нөгөөгөөр нь хэт өлдөж буй өнөө үед тун хэрэгтэй шийдэл байж мэднэ. Ингээд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сэтгүүлчдийн асуултад хэрхэн хариулсныг хүргэж байна. 


-Хуулийн төсөл батлагдвал хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?
-Энэ оны аравдугаар сарын 1-нээс эхлэн мөрдөхөөр хуулийн төсөлд тусгаж өгсөн.


-Зарим төрийн шагналыг хассан гэх мэдээлэл байгаа. Яг ямар медаль, одонг хасч байгаа вэ?

-Бид уламжлал, залгамж чанараа хуулийн төслийг боловсруулахдаа алдахгүй байхыг хичээсэн. Хөдөлмөрийн баатар цол гэж байсныг Монгол Улсын баатар гэж нэг цол болгосон. Салбар салбарын олон гавьяат байсныг гавьяат зүтгэлтэн гэх нэг л цолоор төлөөлүүлэхээр болсон. Алтан гадас, Цэргийн гавьяаны одон, Эхийн алдар зэрэг одон медалиудыг хадгалж авч үлдсэн байгаа. Ардын жүжигчин гэж цол байсныг хассан. Энэ цолтой шинээр олгох Улсын эрдэнэ гэх цол дүйцэх болов уу. Мөн Эрдэнийн очир одон олгох болсон. Энэ нь Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон зэрэг одонг төлөөлөх болов уу.


-Иргэдийн дунд төрийн шагналын талаар шүүмжлэл их байна. Тухайлбал, гавьяа­тын шагнал зургаан сая төгрөгийн ханштай гэх мэт яриа байдаг. Танд энэ талаар гомдол санал ирдэг үү?
-Төрийн одон медалийг худалддаг, зардаг, зуучилдаг асуудал байж таарахгүй. Байхгүй байх гэж найдаж байна. Хэрэв тийм асуудал гаргасан төрийн албан тушаалтан байвал миний зүгээс хатуу хариуцлага тооцно гэдгээ хэлье. Үнэхээр тийм тохиолдол байгаа бол Ерөнхийлөгчийн Тамгын га­зарт авчирч өгнө үү. Тэр бүхнийг хуулийн байгууллагад шалгуулах болно. 


-Шагналыг үнэ цэнэтэй байлгах, эзнээ олсон гэдгийг батлахын тулд тухайн хүний алдар цууг алдаршуулдаг. Энэ хуулийн төслийг дагаад шаг­налыг тодорхойлдог журамд өөрчлөлт орж байгаа юу?
-Шагналыг тодорхойлдог журамд өөрчлөлт орж байгаа. Тухайлбал, Алтангадас одонг жилд 1000 хүртэл олгоно гээд заачихаар нийт суманд хуваарилагдахад манай суманд жилдээ хоёр хүн л авах юм байна гэж тооцож ирүүлэх хэрэгтэй. Шагналд тодорхойлж байгаа хүмүүс энэ бүхнийг тооцох ёстой. Хамгийн гол шалгуур нь хийсэн бүтээснийг нь үнэлсэн байхад чиглэнэ. Гол нь тодорхойлолт байх болно. Анхан шатнаас хэнээс тодорхойлолт гарах вэ гэдгийг харгалзана. Хуулиар зохицуулж өгөх нь олон талын давхар хамгаалалт болж өгнө. Энэ нь Ерөнхийлөгч хүртэл өөрөө шагналд хариуцлагатай хандах сахилгыг хийж өгч байна. Шагналын тоог нь заагаад өгчихөж байгаа болохоор бүх зүйл төсөвлөгдөнө. 


Эцэст нь хэлэхэд, энэ бүхнийг Ерөнхийлөгчийн зарлигаар л шийдэж ирсэн. Цаашид ч энэ жишгээ бариад явж болно. Гэхдээ зарлигаар биш, хуулиар энэ харилцааг зохицуулаад явах боломжтой. 

 

Б.Дамдинжав

 


Нүүр хуудас