Сонгуулийн хуулиар Цэцэд хандана

2016-01-08 10:43:19

 

Энэ удаагийн парламент, орон нутгийн сонгуулийг нэг хуулиар зохицуулахаар болсон. Хуульд сонгууль болохоос 180 хоногийн өмнө шинээр нам байгуулвал нэр дэвших боломжгүй. Энэ нь Үндсэн хууль зөрчиж байгаа талаар парламентад суудалгүй намуудын төлөөлөл болон УИХ-ын зарим гишүүн хэлж буй.

 

Учир нь, сонгууль болохоос 6 сарын өмнө байгуулагдсан улс төрийн намын сонгуульд оролцох эрхийг шууд хасаж байгаа учраас Монгол улсын Үндсэн хуүлийн 1 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт "... тэгш байдал нь... нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн" заасан гэсэн заалтыг зөрчсөн гэж үзжээ. Түүнчлэн олон нийтийн байгууллагаас УИХ-ын гишүүнд нэр дэвшүүлэх эрхийг хасаж байгаагаараа мөн хуулийн 16 дугаар зүйлийн 10/-т "Аль нэгэн нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно" гэсэн заалтыг зөрчсөн гэнэ.

 

Сонгуулийн хуульд иргэд /шаардлага хангасан/ Улсын Их Хурлын гишүүнд бие даан нэрээ дэвшүүлэх эрхтэй  гэж заажээ. Энэ нь сонгуулийн эрх бүхий иргэд өөрсдийгөө найдвартай төлөөлж чадах бусад иргэний нэрийг дэвшүүлэх эрхийг хасаж байгаа учраас Монгол Улсын Үндсэн хуүлийн 3 дугаар зүйлийн нэг дэх хэсгийг зөрчсөн гэж парламентад суудалгүй намуудын төлөөлөл үзсэн байна.

 

Сонгуулийн хуулийн 50.3-т "Энэ хуулиар хориглоогүй, түүнчлэн тухайн хуулийн этгээдийн дүрэмд өөрөөр заагаагүй бол хуулийн этгээд хандивлагч байж болно" гэж заасан нь УИХ-ын гишүүнд нэр дэвшигчийг дотоод ба гадаадын ашгийн төлөө хуулийн этгээд сонгуулийн хандив гэдгээр худалдан авч сонгуулах боломжийг олгож байгаагаараа Монгол Улсын Үндсэн хуулийн 3 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт "Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно", мөн хуулийн 23 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт "Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална" гэсэн заалтыг зөрчсөн гэжээ.

 

Сонгуульд 801-ээс дээш хүний гарын үсэг бүхий зөвшөөрөл авч, бие даан нэр дэвшдэг. Гэтэл 900 хүний гарын үсэг зуруулж, нэрээ дэвшүүлээд байтал ганц хоёр хүний иргэний үнэмлэх дэх гарын үсэгний зөрүүнээс болж "зөрчилтэй" хэмээн Бие даан нэр дэвшигчийг бүртгэдэггүй байсан. Тэгвэл сонгогчдын гарын үсэг зуруулсан маягтыг нягтлан шалгахад бие даан нэр дэвшигчээс үл хамаарах, сонгогчийн бичиг баримттай холбоотой зөрчил илэрсэн ч маягтын зөрчилгүй, 801-ээс доошгүй бол бие даан нэр дэвшигчийг бүртгэх заалт оруулжээ.  

 

С.Аз


Нүүр хуудас