Ц.Даваасүрэн: Засаг тогтвортой байна

2016-01-08 10:34:31

 

"Ардын эрх" сонин, "Eagle news" телевиз, "Үндэстний тойм" сэтгүүл, "Eagle.mn" сайт хамтран "Хонь жилийн таамаг-2016"-г зарлаж байна. Монголын медиа корпорацаас зохиож буй энэ таамагт нэгдэхийн тулд твиттерийн "#таамаг2016" хаштагаар оролцож болно. Манай энэ удаагийн тааварт УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн оролцлоо. Тэрээр хоёрдугаар сарын 8-ны байдлаар бараа, бүтээгдэхүүний үнэд ямар өөрчлөлт гарах вэ, засаг тогтвортой ажиллах уу зэрэг асуултад таамаг дэвшүүлсэн юм. 

 

-2016 оны хоёрдугаар сарын 8-ны байдлаар “Хүчит шонхор” зах дээр нэг кг, үхрийн цул махны үнэд ямар өөрчлөлт гарах вэ?

-Өөрчлөлт гарахгүй. Яагаад гэвэл маш их нядалгаа хийгдсэн байгаа. Засгийн газар мах экспортолно гээд баахан ярьчихсан. Тийм учраас иргэд маань ч бас тэгээд бодчихсон. Гэтэл экспортлох асуудал үндсэндээ худлаа болчихсон. Тэгэхээр нөгөө их нядалсан мах гэсэх гээд байна шүү дээ. Цагаан сар гараад хаврын эхэн сар болчихно. Тэгээд цаашдаа махаа хадгалах бололцоогүй болно. Тэгэхээр нийлүүлэлт ихэснэ. Тийм учраас махны үнэ дахиж өсөхгүй.

 

-Ам.долларын ханш өсөх үү, буурах уу?

-Долларын ханшийг барих гэж оролдох л байх. Гэхдээ л өсөх талдаа шүү.

 

-Яагаад?

-Яагаад гэвэл манай улсад гаднаас орж ирж байгаа валют үндсэндээ байхгүй байна. Ачуулж байгаа юмаа харвал ахиухан экспорт хийж байгаа юм шиг харагддаг. Гэхдээ ачуулж байгаа юмны 5-24 хувь нь л Монголдоо буцаж орж ирж байгаа учраас валютын нөөц дээр олигтой өөрчлөлт гарахгүй. Гэхдээ засаг төр, Монголбанк бас худал мэдээлэл өгдөг шүү дээ. Үнэн хэрэгтээ бид хямарлаа гээд байгаа боловч эдийн засаг чинь өөрөө эерэг байгаа. 2014 оны гүйцэтгэлээр 7.8 хувьтай гарсан. 2015 оны урьдчилсан гүйцэтгэлээр 2.5 хувьтай гарахаар байна. 2.5 хувь чинь өсөлт шүү дээ. Үүнийг Засгийн газар янз бүрээр хэлдэг. Өслөө, эсвэл хямарлаа гээд л. Жишээлбэл, сая 15 банктай гарын үсэг зурсныхаа дараа “Эерэг эдийн засаг” гээд л яриад эхэлж байгаа юм. Тэгэхээр ийм засаг төртэй байхад үнэн зөв мэдээллийг авна гэдэг хэцүү.

 

-Орон сууцны үнэд ямар өөрчлөлт гарах вэ?

-Орон сууцны үнэ өснө шүү. Таван хувийн зээл эхлүүлчихвэл өснө. Хүмүүст хямд хүүтэй зээл олгоно гээд, сайхан сонсогдох байх. Авах зээлийн өртөг мэдээж буурч байгаа. Гэхдээ чиний зарах мөнгө чинь өсчихөж байгаа. Яагаад гэвэл мөнгө өөрөө хязгаарлагдмал нөөцтэй. Зээл нь тодорхой хэмжээтэй. Тийм учраас бүгдийг нь хүн авч чадахгүй учраас өрсөлдөнө. Өрсөлдөнө гэдэг маань байрны үнэ өснө өө гэсэн үг.

 

-Засгийн газар тогтвортой байх болов уу?

-Тогтвортой байна байх.

 

-Яагаад?

-Гарын үсэг зурсан хүмүүсийн тоо 16 хүрчихээд, хэдэн сар л гацлаа шүү дээ. Одоо баярлах гэж байхад нь нухчихъя гэж хэн бодох вэ дээ. Тийм зүйл гарахгүй байх.

 

-Цагаан сарын барилдаанд хэн түрүүлэх вэ?

-Хамгийн их түрүүлэхийн төлөө хичээж барилдах хүн бол өмнөх наадмаар түрүүлсэн Хэнтийн бөх шүү дээ. Гэхдээ тэр маань энэ жил нэг их зодоглосонгүй. Барилдахгүй байна гэхээр цочрооноос эхлээд, бас хийтэй л байгаа. Сая шилдэг 128 бөхийн барилдаанд тэр нь ажиглагдаж л байна лээ. Тийм учраас хамгийн их хичээж барилдах байх. Ер нь бол түрүүлэх үүрэгтэй. Хэрэв түрүүлж чадвал Улсын наадамдаа ч түрүүлнэ.  

 

Eagle.mn 


Нүүр хуудас