Их хотын залуус “Амжилтаа ахиулъя”-д нэгдлээ

2013-08-31 15:42:53

Их хотын залуус өчигдөр Үндэсний соёл амралтын хүрээлэнд чуулсан юм. Учир нь “Амжилтаа ахиулъя” аян энэ намрын томоохон шоуг зохион байгуулан рок поп, хип хопын оддын хамт залуусыг амжилтаа ахиулахад уриалан нэгэн үдшийг урлагийн оддын хамт доргио өнгөрүүллээ. Хотын залуус чуулсан энэ л үдэш “The Lemons”

 

"...Би чамайг өдөржин бодлоо

Нүд гар бие үнэр

Цэнхэр нүд бас дуу

Би чамайг санасан уу? мэдэхгүй ээ..."

Зүгээр л чамайг өдөржин бодлоо..." "Цэнхэр нүд" эгшиглэн араас нь

“...Улаанбаатарын үдэш намуухан намуухан

Учирсан хосын яриа аядуухан...” хэмээн эгшиглэдэг их хотын үе үеийн залуусын сэтгэлд хоногшсон алтан үеийн дууг өөрсдийн хит уран бүтээлийн хамт дуулан бүжиглэсэн юм. Харин “Киви” хамтлагийн халуухан охид тайзнаа залуусыг цоглог хитүүдээрээ доргион  “A Sound” уянгын дуунуудаараа уяраасан юм. Тайзнаа

 

“Чамайг анх таниад шохоорхон сэтгэлдээ тээсэн

Надад заяасан ганцхан түүндээ би сэтгэлээ нээсэн

Насан туршийн хайраа гэж зөвхөн чаймаг хүлээсэн

Миний сэтгэлд чамайг хайрлах зай үлдсэнгүй ойлгоорой" хэмээн дуулж эхлэхэд залуус уухай хадаан түрэн дуулж, тэднийг тайзнаас буулгалгүй хэдэнтээ дахиулан “Люмино, Люмино, Люмино” хэмээн нэгэн зэрэг дуудна. Нийслэлийн цоглог залуусыг нэгтгэн хотын хөгжмийн хэмнэлд доргиосон энэ үдшийн тоглолт паркийн задгай талбайд зассан хоёр тайзнаа ээлжлэн хамтлаг дуучид дуулсан юм. Энд цугласан залуус дараагийн хамтлаг дуучид дуулах тайз руу тэдэнтэй доргихоор давалгаа үүсгэн хошуурч байсан юм. Реппер Цэцэ “Vanquish” хамтлагийнхаа хамт өөрийн гаргасан  шинэхэн S.M.O.K брэндээрээ гоён залуусыг хип хопоор эрчлүүлэн “Шанз гурав” үндэсний хөгжмөөр орчин үеийн хөгжмийг цангинуулан парк хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Ар араасаа хамтлаг дуучид ая дуугаа өргөн "Амжилтаа ахиулъя" шоу залуусын эрч хүчээр хөглөсөн юм.

Энэ орой цаг агаар хүртэл зуны задгай шоунд захиалсан мэт тогтуун сайхан үдэш байлаа. Паркийг зорих залуусын цуваа үргэлжилсээр гадаа нь дараалал үүсгэн байсан бол харин дотор паркийн тоглоомууд ажиллан бяцхан үрс аав, ээжийнхээ хамт жаргалтай инээх нь энэ л үдшийн дуу хуурыг чимнэ. Залуус хэсэг бүлгээрээ нэгдэн зогсож байгаа газраа л дуулж, бүжиглэн байхад усан завины орчимд бусдаас зайдуухан болзох залуу хосын шивнээ, тайзнаас эгшиглэх дуу хуураар хөглөгдөн энэ л үдэш паркийг бүрсэн “Амжилтаа ахиулъя” аяны залуусын давалгаа дуу хадаан өнгө өнгөөр алаглан тэнгэрт буудан салюттай хоршино. Энэ зуны сүүлийн шоу ийнхүү үүр цайтал их хотын залуусын хөл хөдөлгөөн дуу хууранд дарагдан өнгөрлөө.

 

Г.Даша | Гэрэл зургийг М.Гантулга

 


Нүүр хуудас