Ипотекийн хүүг 5 хувь болгох популизм биш

2016-01-08 08:07:00

 

УИХ-ын дарга З.Энхболд болон Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал нар сэтгүүлчдэд мэдээлэл хийж, ипотекийн зээлийн хүүг 5 хувь болгож бууруулах талаар мэдэгдлээ. УИХ цагаан сараас өмнө шинэ хуулийг баталснаар ипотекийн зээлийн хүүг таван хувь болгох, урьдчилгаа төлбөрийг 20 хувь болгож бууруулах болсноо зарласан юм. Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал мөн мэдээлэл хийхдээ “Энэ зээлийг анх 14 хувийн инфляцитай үед эхлүүлсэн. Харин одоо инфляци 2.9 хувь байна. Тийм учраас бодлогын орон зай бий” гэсэн. 

 

Үүнтэй зэрэгцэн зарим нэг хүн ипотекийн зээлийн хүүг 5 хувь болгох нь АН-ын сонгуулиа угтсан, маш ноцтой популист үйлдэл хэмээн байр сууриа илэрхийлж байгаа юм. Тэгвэл ипотекийн зээлийн хүү үнэхээр популизм гэж үү.

 

Юун түрүүнд эдийн засгийн хувьд бүрэн боломжтой, орон зай нь бүрдсэн байна. Өөрөөр хэлбэл, төв банкны ерөнхийлөгчийн хэлсэнчлэн инфляци 2.9 хувьтай болж буурлаа. Мөн зах зээл дээр 14000 гаруй орон сууцны илүүдэл байна. Хэрэв зах зээл дээр орон сууцны нийлүүлэлт хангалтгүй байгаа үед зээлийн хүүг бууруулбал, орон сууцны үнийн “хөөсрөлт” бий болгох эрсдэлтэй.

 

2011 онд МАН засаг барьж байх үедээ “100 мянган айлын орон сууцны хөтөлбөр”-ийг эхлүүлж байлаа. Тэр үед зах зээл дээр хангалттай орон сууцны нийлүүлэлт байгаагүй. Мөн инфляци 14-15 хувьтай байсан юм. Ингээд 6 хувийн хүүтэй зээлээр эрэлтийг дэмжсэний дараа орон сууцны үнэ хоёр дахин өсч байсан. Иргэд хангалттай ихээр орон сууцанд орж ч чадаагүй. Өөрөөр хэлбэл, 100 мянган айлын орон сууц гэж байсан ч эх үүсвэр дутсанаар ердөө 2000 гаруй хүн л орон сууцанд орсон. Гэсэн хэдий ч зах зээл дээр орон сууцны үнэ огцом өссөн учраас 6 хувийн бодлого үр дүнгээ өгөлгүй, эдийн засагт том хүндрэл үүсгэсэн юм.

 

Энэ удаад ипотекийн зээлийн хүүг 5 хувь болгох нь хэрэв популизм юм бол эдийн засагт яг л дээрхийн адилаар хүндрэл үүсгэнэ гэсэн үг. Гэхдээ зээлийн хүүг таван хувь болгож буй өнөөгийн нөхцөл байдлыг 2011 оныхтой харьцуулах аргагүй. Тэр үетэй харьцуулахад эдийн засгийн байдал тогтворжсон гэж судлаачид үзэж буй. Түүнчлэн цаашид тогтвортой байдал үргэлжилбэл, ипотекийн зээлийн хүүг бага төвшинд хүргэх боломжтой гэдгийг төв банкныхан онцолж байгаа юм.

 

Тухайлбал, өнгөрсөн хугацаанд 80 мянга гаруй иргэн ипотекийн 8 хувийн зээлээр орон сууцанд ороод байна. Дахиад 200 мянга гаруй өрх шинээр ипотекийн зээлд хамрагдах гээд хүлээж байна. Орон сууцны үнэ 2013 оноос хойш ойролцоогоор 30 орчим хувиар өссөн. Гэхдээ сүүлийн хоёр жилийн хугацаанд аажмаар буурсаар байна. 200 мянга гаруй хүний эрэлт байгаа ч зах зээл дээр орон сууц борлогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, дээр дурьдсанчлан 14 мянга гаруй айлын орон сууц зах зээл дээр илүүдэлтэй, эзнээ хүлээж байгаа юм.

 

Ийм нөхцөлд эдийн засгийн идэвхжлийг дэмжиж, зах зээл буй орон сууцнуудыг борлуулах бодит шаардлага гарсныг салбарын яамныхан онцолж буй. Тийм ч учраас орон сууцны зээлийн урьдчилгааг 10 хувьд хүргэх бодлого гаргасан. Гэхдээ тийм боломж хараахан бүрдээгүй гэдгийг банкныхан ч тэр, эдийн засагчид, судлаачид ч мэдэгдэж байна. Харин оронд нь ипотекийн зээлийн хүүг бууруулж, урьдчилгааг 20 хувьд хүргэх боломжтой гэж АН-ынхан үзэж байгаа юм. Эдийн засгийн хувьд ч энэ нь боломжтой гэдгийг дээр дурьдсан мэдээллүүд бататгаж байна.

 

Л.Энхдэлгэр 


Нүүр хуудас