МNB2 телевизийн хууль бус үйлдлийн талаар Ерөнхий сайдад хандлаа

2016-01-07 20:10:59

 

-Монголын телевизүүдийн холбоо Ерөнхий сайдад албан бичиг хүргүүллээ-

 

Монголын телевизүүдийн холбоо МNB2 телевизийн хууль бус үйлдлийн талаар МҮОНРТ-ийн хэрэг эрхлэх газрын дарга Ц.Оюундарь болон Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт албан бичиг хүргүүллээ. Уг албан бичигт “2016 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Монголын үндэсний олон нийтийн телевиз болон www.mnb.mn цахим хуудас болон олон нийтийн сүлжээгээр “2016 оны нэгдүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн Юнивишн, Ди Ди Эш, Скай медиа, Сансар кабелийн 11 дүгээр сувгаар МNB2 телевиз цацагдана” гэсэн мэдээлэл гарч байгаа нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль, тогтоомжоор олгогдсон хувийн хэвшлийн эрх, бизнесийн эрх ашиг болон хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд халдсан, олон нийтийн эрх ашигт үйлчилдэг давуу байдлаа зүй бусаар ашигласан ёс зүйгүй үйлдэл гэж үзэж байна. Хувийн хэвшил хоорондын гэрээний дагуу Юнивишн 11 дүгээр суваг дээр VTV HD телевиз, Скай медиагийн 11 дүгээр суваг дээр TV5 телевиз, Сансар кабелийн 11 дүгээр суваг дээр 11 дүгээр суваг, Ди Ди Эш кабелийн 11 дүгээр суваг дээр “Монгол” телевизүүд тус тус үйл ажиллагаагаа нэвтрүүлж байгаа бөгөөд энэхүү харилцаа нь тус гэрээгээр зохицуулагдах учиртай. Тус кабелийн телевизүүд нь Монголын үндэсний олон нийтийн телевизтэй сувгийн гэрээ 11 гэж тухайлан зааж хийгээгүй бөгөөд ийнхүү бусдын бизнест халдах боломжгүй гэдгээ удирдлагууд нь Монголын телевизийн холбоонд мэдэгдээд байна.

 

Монголын үндэсний олон нийтийн телевиз нь “Монополь” эрхээ далимдуулан хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийн телевизүүдийн бизнест  халдаж, төрөөр далайлган кабелийн суваг эрхлэгчидтэй харьцаж байгаа нь өнөөдөр хэвлэл мэдээллийн салбарт баримтлагдаж байгаа шударга өрсөлдөөний зарчмыг алдагдуулж болзошгүй байгаа юм. Тиймээс та энэхүү асуудалд анхаарлаа хандуулж, баримттай хариултыг Монголын телевизүүдийн холбоонд ирүүлэхийг хүсч байна. Хэрэв хууль зөрчин Монголын үндэсний телевиз 2 дугаар сувгаа дээрх кабелийн сувагт холбовол Монголын телевизүүдийн холбоо хууль, шүүхийн байгууллагад хандахаа энэхүү албан бичгээр хүргүүлж байна” хэмээн мэдэгджээ.

 

Eagle.mn

 


Нүүр хуудас