Нэг удаад 165 мянган төгрөгийн оношилгоо, шинжилгээ хийлгэх боломжтой

2016-01-07 16:17:41

 

Пүрэв гариг бүрт болдог “Сайдын цаг” уулзалтад Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эрүүл мэнд, спортын сайдын үүргийг хариуцагч Ц.Оюунбаатар болон ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа нар оролцлоо.

 

Тэрээр эхлээд өвөлжилтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

 

Улсын хэмжээнд 21 аймгийн 330 сум, нийслэлийн 4 дүүргийн 149 мянган малчин өрхөд 56 сая орчим мал өвөлжинө. Манай орны нутаг дэвсгэрийн 80 гаруй хувьд цасан бүрхүүл тогтсоноос, 15 аймгийн 50 суманд цасан зудтай, 20 аймгийн 120 суманд зудархуу байна. Малчдад улсын нөөцийн өвснөөс үнэгүй болон 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгохоор шийдвэрлэсэн гэж Шадар сайд хэлээд цас, зудны хүндрэлийг хохирол багатай даван туулахаар ажиллаж байна гэлээ.

 

Засгийн газрын шинэ оны анхны хуралдаанаар 2016 оныг “Хэрэглэгчийн жил”-ээр зарлаж,  “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хөтөлбөр”-ийг Засгийн газраар батлуулан хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайдад үүрэг болгосон. 2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгосноор үйлдвэрлэл худалдаа, үйлчилгээний бүх байгууллагууд хэрэглэгчдэд хандсан менежментийн чиг хандлагыг тэргүүлэх чиглэлээ болгохын зэрэгцээ хэрэглэгчдэд хүргэж буй бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ нэг бүрийг стандарт чанарын шаардлагыг бүрэн хангасан байх, нийгмийн үйлчилгээний бүх салбарын байгууллагын хэрэглэгчдэд үзүүлж буй үйлчилгээний эцсийн үр дүн нь хэрэглэгчийн сэтгэл ханамжийн хангалттай түвшнээр хэмжигддэг байх, хүн рүү чиглэсэн шинэчлэлийг менежментийн илүү дэвшилттэй түвшинд дэвшүүлэн тавьж тодорхой үр дүнд хүрэх боломжтой гэж үзэж байна.

 

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон хэрэглэгчийн эрхтэй холбогдох багц хуулиудад шинэчилсэн найруулга хийх, нэмэлт өөрчлөлт оруулах замаар эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор төлөвлөсөн бөгөөд хуулийн төслүүдийг энэ оны нэгдүгээр улиралд багтаан УИХ-д өргөн барина гэлээ.

 

Эрүүл мэнд, спортын яамны тухайд өнгөрсөн онд Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль, Эрүүл ахуйн тухай хууль, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, Биеийн тамир, спортын тухай хууль, Нялх балчир насны хүүхдийн хоол ундны бүтээгдэхүүний тухай хууль, Эх хүүхдийн тухай хууль, Хариуцлагын даатгалын тухай хууль зэрэг хууийн төслүүд, үзэл баримтлалыг боловсруулсан.

 

Түүнчлэн Эрүүл мэндийн даатгалын хууль батлагдсанаар эрүүл мэндийн даатгалын сангаас даатгуулагч сард 55 мянган төгрөгийн оношилгоо, шинжилгээ хийлгэдэг байсныг өөрчилж, нэг удаад улирлын дүнгээр буюу 165 мянган төгрөгийн оношилгоо шинжилгээ хийлгэх боломжийг бүрдүүлжээ.

 

Дэлхийн зах зээлд шинээр нийлүүлэгдэж буй элэгний C вирусыг эмчлэх эмчилгээний 90 гаруй хувийн өндөр дүнтэй ХАРВОНИ эмийг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгүүлсэн байна.

 

Eagle.mn 


Нүүр хуудас