Ц.Элбэгдорж: Төрийн шагналыг хавтгайруулж олгодгийг болиулна

2016-01-07 14:26:10

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр сэтгүүлчидтэй уулзалт хийж, Төрийн шагналын тухай хуулийн төслийг танилцууллаа. Өнөөг хүртэл төрийн шагналын талаар нэгдсэн, тодорхой бодлого бүхий хууль Монгол Улсад мэндлээгүй байдаг аж. Шагналтай холбоотой үйл ажиллагаанууд зөвхөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг болон бусад журмаар зохицуулагдаж иржээ. Иймд Төрийн шагналыг хуульчилж, нэгдсэн цэгцтэй ойлголттой болгох, Үндсэн хуультай нийцүүлэх, үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилгоор Төрийн шагналын тухай хуулийн төслийг санаачилж, өргөн мэдүүлснээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж танилцууллаа.

 

Төрийн шагналын үнэ цэн алдагдсан, нэг дор хэдэн зуугаар нь олгодог гэх зэргийг иргэд шүүмжилдэг. Иймд шагналыг үнэ цэнтэй болгохын тулд шагнал олгох хугацаа, тоог тодорхой болгоод байна. Энэ нь шагналын үнэ цэнийг тодорхойлох хамгийн бодит хэмжүүр болно гэдгийг Ерөнхийлөгч онцоллоо. Төрийн шагналын тухай хуулийн дагуу нийтдээ 15 төрлийн төрийн дээд одон, медаль олгох юм байна. Улмаар шагналуудыг олгох давтамж, нэг удаад олгох дээд хэмжээг тодорхой зааж өгчээ.

 

  1. Улсын Баатар цол: 5 жилд нэг удаа, нэг хүнд
  2. Улсын Эрдэнэ цол: 3 жилд нэг удаа, нэг хүнд /Цагаан сарын баяраар/
  3. Чингис хаан одон: 1 жилд нэг удаа, нэг хүртэл хүнд /Монгол бахархлын өдрөөр/
  4. Монгол Улсын Гавьяат зүтгэлтэн цол: Жилд 50 хүртэл хүнд
  5. Эрдэнийн очир одон: Жилд 100 хүртэл хүнд
  6. Алтангадас одон: Жилд 1000 хүртэл хүнд
  7. Цэргийн гавьяа одон: Жилд 500 хүртэл цэргийн алба хаагчид
  8. Эхийн алдар I, II одон
  9. Хөдөлмөрийн хүндэт медаль
  10. Цэргийн хүндэт медаль
  11. Шударга журам медаль
  12. Найрамдал медаль
  13. Энхийн төлөө медаль
  14. Монгол Улсын Төрийн соёрхол
  15. Төрийн гэрэгэ хүндэт шагнал

Шинэ хуулийн дагуу цаашдаа дээрх төрийн шагналуудыг олгоно. Салбар бүрт гавьяат ажилтан цол тэмдэг олгодог байсныг нэгтгэж Монгол Улсын гавьяат зүтгэлтэн болгосон байна. Мөн хүний нэртэй одонг зөвхөн Чингис хаан одонгоор хязгаарлажээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Шагналуудыг ингэж цөөллөө гээд өмнө нь олгогдсон шагналуудад ямар нэгэн өөрчлөлт орохгүй. Шагнал болон түүнийг дагалдах халамж, тэтгэмжүүдэд ямар ч өөрчлөлт орохгүй” гэлээ. Мөн тэрээр “Төрийн шагналыг тодорхойлохдоо нэгдүгээрт, Үндсэн хуульдаа нийцүүлэх, хоёрдугаар хуулиар зохицуулах, гуравдугаарт шагналын хугацаа, тоог зааж өгөх зарчим баримталсан. Үүнийг ямар нэг нам, эсвэл үзэл суртлын үүднээс хандаагүй” гэдгийг мэдэгдлээ.

 

Төрийн шагналыг олгосноос гадна дагалдах мөнгөн тэтгэмж, тэтгэвэрт гарсны дараах нийгмийн халамжийн бодлогууд бий. Энэ асуудлыг хэрхэн зохицуулж байгаа талаар сэтгүүлчид тодруулсан юм.

 

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Төрийн шагналын тухай хууль учраас ямар нэгэн нэмэлт халамж, тэтгэлэг, мөнгөн шагналын талаар хуулинд тусгаагүй. Шаардлагатай гэвэл УИХ тусдаа хууль гаргаад, тэр шагналд тийм мөнгөн тусламж, тэтгэмж олгоно гэдэг асуудлаа шийдэх байх. Миний хувийн байр суурь бол төрийн шагналд ямар нэгэн нэмэлт мөнгөн тэтгэмж байх шаардлагагүй гэж үзэж байгаа. Энэ бол төрөөс үзүүлж буй хайр хүндэтгэлийн асуудал” гэлээ. 

 

Төрийн шагналыг ах дүү, хамаатан садандаа ар, өврийн хаалгаар олгодог, бүр цаашилбал, наймаалцдаг, зуучилдаг гэх гомдол иргэдийн дунд бий. Тэгвэл Ерөнхийлөгч хэлэхдээ “Иймэрхүү асуудал байгаад, баримттай, нотолгоотой байвал Тамгын газарт шууд мэдэгд. Бид хуулийн дагуу шалгуулах болно. Хууль зөрчсөн хэнтэй ч хатуу хариуцлага тооцох ёстой” гэсэн юм.

 

Шинэ хуулиар мөн одон тэмдгийг ямар шалгуураар, хэрхэн олгох, шагналаас татгалзсан тохиолдолд хэрхэх, төрийн шагналыг зүүх, хадгалах, шагнал гардуулах эрх бүхий хүн зэргийг тодорхой тусгаж өгчээ.

 

Одоогийн байдлаар Монгол Улсад төрийн шагналтай холбоотой харилцааг БНМАУ-ын Ардын Их хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны 148 дугаар зарлигаар батлагдсан “БНМАУ-ын цол, одон медалийн тухай дүрэм” болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1999 оны 71 дүгээр зарлигаар батлагдсан “Монгол Улсын цол хүртээх, одон медалиар шагнах журам”, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2006 оны 302 дугаар зарлигаар батлагдсан “Монгол Улсын Төрийн шагналын дүрэм”-ээр тус тус зохицуулдаг байна. 

 

Л.Энхдэлгэр 


Нүүр хуудас