Цэцийг улстөржүүлж болохгүй гэв

2016-01-07 14:07:32

 

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Үндсэн хуулийн Цэцийн гишүүний зургаан жилийн хугацааг улс төрийн зорилгоор зөрчдөгийг болимоор байна. Цэцийн гишүүдийг бус Үндсэн хуулийг хамгаалж хэлж байгаа юм шүү. Мөн Үндсэн хууль тогтвортой байхын тулд Цэцийн гишүүд нь тогтвортой байх ёстой. Хоёрдугаарт байнга ялагч байхын тулд хийсэн ажил чинь өөрийн толгой дээр мөндөр болж буух үе байдаг. АН-ынхан үүнийг сайн бодоорой. Цэцийн гишүүдийг хугацаанаас нь өмнө явуулах гэж байгаа оролдлого чинь эргээд мөндөр болж бууна шүү. Зургаан жилийн хугацаагаар томилогддог хүмүүс гэж шүүмжилж байна. Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилогдсон хүмүүсийн буруу биш. Зургаан жилээр томилох тухай Үндсэн хуульд заачихсан байгаа” гэлээ.

 

Харин УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Цэцийг улстөржүүлж болохгүй. Хувийн атгаг бодлоор ч хууль санаачилж болохгүй. Эрх зүйн хөгжлийг Монгол Улсад хөгжүүлэх шаардлага байгаа юм. Австри, Германы жишгээр хуулийг хөгжүүлэх ёстой. Ц.Нямдорж гишүүн өөрийн хувийн туршлага дээр тулгуурлаж хэлж байх шиг байна. Хувийн бодлоор энэ хуулийг санаачлаагүй” хэмээсэн.

 

Гишүүд энэ мэтээр асуулт асуусны дараа уг хуулийн төслийн зарчмын зөрүүтэй саналаар санал хурааж, эдгээр саналыг хуулийн төсөлд тусгаж, хоёрдугаар хэлэлцүүлэгт бэлтгэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

 

С.Аз


Нүүр хуудас