Оргосон цэргүүд манаа хийж байхдаа морь унан зугтжээ

2016-01-07 10:58:45

 

Сэлэнгэ аймгийн Тэшиг сумын хилийн цэргийн дугаар ангийн хугацаат цэргийн хоёр алба хаагч өчигдөр оргосон талаар бид мэдээлсэн. Тодруулбал, Г, Б гэх алба хаагчид энэ сарын 5-6-нд шилжих шөнө хариуцсан газартаа хилийн манаанд үүрэг гүйцэтгэж байхдаа ашиглаж байсан зэвсэгтэйгээ оргосон байна.

 

Тэд хилийн манааны табелаар олгогдсон зэвсэг, морин уналга, холбооны хэрэглэлтэй явсан бөгөөд оргох замдаа Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын иргэний тээврийн хэрэгслийг дээрэмджээ. Ингээд тэдний араас Хил хамгаалах байгууллага, хилийн тагнуулын алба, цагдаагийн байгууллага цаг алдалгүй эрэн сурвалжилсны эцэст байлдагчдыг Сэлэнгэ аймгийн Орхоны гүүрэн дээр саатуулсан байна.

 

Оргосон байлдагчид Булган аймгийн Тэшиг сум, Булган аймгийн Сэлэнгэ сумаас 2015 оны нэгдүгээр ээлжээр татагдан цэргийн албанд ирээд байжээ. Тэд ердөө дөрвөн сарын дараа албанаасаа халагдаж, гэртээ харих байсан аж.

 

Одоогоор тухайн цэргийн алба хаагчдыг хууль хяналтын байгууллага үргэлжлүүлэн шалгаж байгаа юм байна. Харин ямар шалтгааны улмаас хилийн манаагаа орхин оргох болсныг тогтоохоор ХХЕГ-аас ажлын хэсэг томилогдон хуулийн байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа аж.

 

П.Жаргал

 

 

 

 

 

 


Нүүр хуудас