Гадаад руу яваад ор сураггүй болсон 40 гаруй иргэн байна

2016-01-07 10:35:01

 

Гадаад хэргийн яамны холбогдох албаны хүмүүс өчигдөр цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр  тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуягаас цаг үеийн анхаарал татсан зарим зүйлийг тодрууллаа. 

-Монгол улсад 30 хоног хүртэлх хугацаанд визгүй зорчдог 42 улсын эрхийг цуцалсан гэсэн мэдээлэл байна. Энэ талаар тодруулахгүй юу?

-Монгол Улсын аялал жуулч­лалын салбарыг хөг­жүү­лэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор 2014 онд Засгийн газраас манай улсад визгүй зорчих 42 орны жагсаалт гаргаж, хөтөлбөр хэрэгжүүлсэн. Уг хөтөлбөрт Австри, Андорра, Аргентин, Багамын арлууд, Бельги, Болгар, Бразил, Грек, Гибралтар, Гренада, Дани, Их Британи, Исланд, Испани, зэрэг орон багтсан байгаа. Уг хөтөлбөрийн хэрэгжих хугацаа өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-нд дууссан. Хөтөлбөрийн хэрэгжих хугацаа дууссаны дараа цаашид үргэлжлүүлэх эсэх талаар судалгаа явуулж үзсэн. Ингэхэд жуулчдын тоо нэмэгдээгүйгээс гадна хөрөнгө оруулалтад ч өөрчлөлт ороогүй байна. Мөн визгүй зорчих эрх бүхий 42 орон манай улсын иргэдэд зориулж тодорхой хөнгөлөлт үзүүлээгүй. Тиймээс уг хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлагагүй гэж үзсэн. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл ГХЯ-наас 42 орны Монгол Улсад зорчих эрхийг албан хүчээр хүчингүй болгосон гэх мэдээлэл гарсан. Энэ бол ташаа мэдээлэл гэдгийг хэлмээр байна. 

-Гадаадад байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах талаар ямар ажлуудыг хийж байна вэ. Мөн “Дэлхийн монголчууд” хөтөлбөрийг саяхан баталлаа. Энэ хөтөлбөрт хэр хэмжээний хөрөнгө тусгагдсан бэ?

Гадаадад байгаа иргэдийн эрх ашгийг хамгаална гэдэг нь Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд бүлэг болж тусгагдсан. Үүнийг хэрэгжүүлэх үүднээс “Дэлхийн монголчууд” хөтөлбөр батлагдсан гэдгийг хэлье. Өмнөх Засгийн газрын үед “Зөгийн үүр” гэх хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан. Энэ хөтөл­бө­рийн хугацаа нь үндсэндээ дуус­чих­сан. Тий­мээс “Зөгийн үүр” хөтөл­бө­рийн үргэлж­лэл гэж ойл­гох хэрэг­тэй. Хөрөнгө­ний хувьд энэ жил дотоо­дын нөөц болол­цоон­доо тул­гуурлан хэрэг­жүүлнэ. Харин ирэх жилээс тө­сөвт шаардагдах хөрөнгийг нь тус­гаж хэрэгжүүлэхээр Засгийн газ­раас чиглэн авч ажиллаж байна. 

-УИХ өнгөрсөн онд ялтан шилжүүлэх Европын зөвлө­лийн конвенцэд нэгдэн орох асуудлыг баталсан. Ер нь өнгөрсөн хугацаанд гадаа­дад ял эдэлж байсан хэч­нээн иргэнийг эх оронд нь шилжүүлсэн бэ?

-Манай улс нийт долоон улстай ялтан шилжүүлэх гэрээг байгуулсан. Энэ дагуу 2014 онд таван иргэн, 2015 онд БНХАУ-аас нэг иргэнийг шилжүүлэн авчирсан. Энэ онд ч гэсэн БНХАУ зэрэг орнуудад ял эдэлж буй монгол иргэдийг эх оронд нь шилжүүлэх чиглэлээр Хууль зүйн яамтай  хамтран ажиллаж байна.  УИХ-аар өнгөрсөн оны сүүлээр  Европын зөвлөлийн конвенцэд нэгдэн орох асуудлыг соёрхон баталсан. Одоогоор процертурын асуудал үлдээд байгаа. Энэ асуудал хэлэлцэгдсэний дараа уг конвенцид нэгдэн орсон 68 оронд хэрвээ манай улсын иргэн ял эдэлж байвал эх орон руу нь шилжүүлэх боломж бүрдэх юм. 

-Манай улсаас 100 гаруй иргэн гадаад улс орны шоронд ял эдэлж байна гэсэн мэдээлэл бий. Өршөөлд хамрагдах хүсэл­тээ тухайн иргэд гаргасан тохиол­долд өршөөгдөж болно гэсэн. Өнөөд­рийн байдлаар хүсэл­­тээ гаргасан иргэн байгаа юу?

-2015 оны байдлаар гадаадын 13 улсад нийт 107 монгол иргэн ял эдэлж байна. Өршөөлд хамруулах тухайдХууль зүйн яамтай хамтран судалж байгаа. Яг өнөөдрийн байдлаар өршөөлд хамрагдъя гэсэн хүсэлт манайд болоод Хууль зүйн яаманд ирээгүй. Ойрын хугацаанд хилийн чанадад сууж байгаа дипломат төлөөлөгчийн газруудаар  дамжуулан эдгээр иргэдтэй уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байгаа.  Энэ үеэр өршөөлд хамрагдах боломжтойгоо мэдээгүй байгаа зарим иргэдэд мэдээллийг хүргэж, өршөөлд хамрагдах хүсэлтэй байгаа эсэхийг нь тодруулахаар ажиллаж байна. 

-Гэр бүлийн хэн нэгэн нь гадаадын улс руу яваад ор сураггүй боллоо гэсэн гомдол Консулын газарт хэр их ирдэг вэ?

-Ийм төрлийн гомдол манай Консулын газарт тасралтгүй ирдэг. Зарим нь хилийн чанадад зорчсоныхоо дараа тодорхой хугацаагаар ар гэрийнхэнтэйгээ холбоо бариагүйн улмаас ар гэрийнхэн нь санаа зовниж Консулын газартаа хандаж, улмаар тодорхой хугацааны дараа сураг нь гарах тохиолдол бий. Мөн гадаад орон руу зорчоод олон жилийн турш ор сураггүй болсонд тооцогдож буй 40 орчим иргэн байна. Энэ чиглэлээр Консулын газраас  Элчин сайдын яамдтайгаа хамтран эрэн сурвалжлах үйл ажиллагааг явуулж, ар гэрийнхэнд нь хэргийн явцын талаар тогтмол мэдээлэл өгч ажиллаж байгаа. 

-Оны өмнөхөн  Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Лалын бүгд найрамдах Иран улсад айлчилсан. Энэ айлч­ла­лын эдийн засгийн ач хол­бог­дол нь юу вэ. Нефт импортлох санал тавьсан гэсэн мэдээлэл бий. Энэ асуудал ямар шатандаа явж байна вэ?

-Иран улсад хийсэн айлчлалын үеэр хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, тэр дундаа худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, мах экспортлох асуудлаар санал солилцсон. Иран бол газрын тос экспортлогч орон. Тиймээс газрын тосыг импортлох боломжийг эхний ээлжинд судлахаар тохиролцсон байгаа. Энэ удаагийн айлчлал эдийн засгийн ач холбогдлоос гадна, соёл боловсролын чиглэлд томоохон ахиц авчирсан гэж хэлж болно. Тодруулбал, манай ШУ-ны академи, Ираны ГХЯ-ны дэргэдэх Олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Ил хант” улсын түүхийг судлах, ялангуяа Иранд хадгалагдаж буй эх бичвэрүүдээс орчуулах, судлах ажлыг үргэлжлүүлэхээр болсон. Энэ чиглэлээр Ираны хэд хэдэн их сургуулиудад Монгол судлалын тэнхим байгуулах, мөн Монголын их дээд сургуульд Иран судлалын тэнхим байгуулах асуудлаар тохиролцоонд хүрсэн. 

-Иранаас нефт импор­толсон тохиолдолд тээвэр­лэлтийг ямар байдлаар зохицуулах вэ. Энэ тал дээр төлөвлөсөн зүйл бий юу?

-Судалгааны шатандаа яваа гэж дээр дурьдсан. Бидний зүгээс хоёр хөрштэйгөө дамжин өнгөрөх тээврийн асуудлаархи хэлэлцээрийг үргэлжлүүлж бай­гааг та бүхэн мэдэж байгаа байх. Ираны талтай тээвэрлэлтийн асуудлыг оролцуулан судалгааны ажлыг эхлүүлье гэсэн байдлаар ярьж байгаа.

 

Б.Даваа

Эх сурвалж: www.mminfo.mn


Нүүр хуудас