Хэн хаана нэр дэвших вэ

2016-01-07 10:12:31

 

УИХ-ын ээлжит сонгуулийн жил эхэллээ. Өнөө жилийн сонгууль өөрчлөн найруулсан хуулиар явагдана. Парламент оны өмнөхөн Сонгуулийн хуульд “гар хүрч”, санал тоолох машин ашигласны дараа хяналтын гар тооллогыг 50 хувьд давхар явуулахаар болсон. Мөн сонгуулийн тогтолцооны хувьд 48:28 буюу холимог пропорцианаль тогтолцоог хэвээр хадгалахаар болсон билээ. Өмнөх сонгуулиар жагсаалтаар парламентад сонгогдсон эрхмүүд энэ удаад тойрогт нэр дэвших учиртай. Үүнийг хуульчлаагүй ч улстөрчийн ёс зүйтэй холбоотой асуудал гэж үзэж буй юм.

 

Түүнчлэн сонгуулийн жил эхлэхтэй зэрэгцэн улстөрчдийн пи-ар ч эхэлж байна. Түрүүчээсээ ямар  намын хэн аль тойрогт нэр дэвших вэ гэдэг нь тодорхой болж эхэллээ.

 

Сүхбаатарт АН-ын Ж.Батсуурь, МАН-ын Б.Жавхлан

 

Сүхбаатар аймаг нэг мандаттай. Энэ тойрогт өмнөх сонгуулиар нэр дэвшиж, ялалт байгуулсан М.Зоригт гишүүн ирэх сонгуулиар Сүхбаатар аймагт дахин дэвшихгүй гэдгээ мэдэгдсэн. Харин оронд нь Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурийг сойж буй юм. Ж.Батсуурь өнгөрсөн найман жилийн хугацаанд Сүхбаатар аймгийг удирдаж, хотын дайтай аймаг болгосон билээ. Тийм ч учраас түүнийг ирэх сонгуулиар тус аймагт “ногоон гэрэл”-ээр гарна гэх хүмүүс олон. Түүнтэй МАН-аас Б.Жавхлан нэр дэвшихээр болсон гэх мэдээлэл бий. Тэрээр саяхан Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчийн албаа хүлээлгэн өгсөн. 2010 онд УИХ-аас зургаан жилийн хугацаатай томилогдсон ч сонгуулийн жилийн өмнөхөн ажлаа хүлээлгэн өгч, улс төрд хүч үзэхээр бэлтгэлээ базааж эхлээд байна.

 

Орхон аймаг: М.Батчимэг vs О.Баасанхүү

 

УИХ-ын гишүүн М.Батчимэг ирэх сонгуулиар Орхон аймагт нэр дэвшихээр болсон гэх мэдээлэл 2-3 жилийн өмнөөс цацагдах болсон. Үүнийг улам бататгах мэт тэрээр өнгөрсөн амралтын өдрүүдэд тус аймагт киноны урилга тарааж, пи-араа “албан ёсоор” эхлүүлсэн аж. Тэрээр 2012 оны сонгуульд АН-аас жагсаалтаар нэр дэвшиж, сонгогдсон. УИХ-д мэдлэг боловсролоороо дээгүүрт тооцогдох эмэгтэй гишүүдийн нэг юм. Тэгвэл уг тойрогт УИХ-ын гишүүн О.Баасанхүү нэр дэвшихээр болсон гэх. Гэхдээ ирэх сонгуулиар “Шударга ёс” эвсэл бус зөвхөн МАХН-ын гишүүн гэдэг “статустай” нэр дэвшихээр яригдаж байсан ч тэрээр намын даргатайгаа түнжин муу байгаа аж. Тэгэхээр сонгуулийн өмнө намаасаа гарч, бие даан нэр дэвшихийг ч үгүйсгэхгүй юм. Орхон аймагт О.Баасанхүү, М.Батчимэг нараас гадна УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай нэр дэвшихээ эртнээс зарлаад буй. Тэрээр Эрдэнэтийн иргэдэд газрыг нь олгоно, хүүхдийн мөнгийг 80 мянга болгож өгнө зэргээр сонгуулийн пи-араа эхлүүлээд байгаа билээ.

 

Я.Содбаатар Өвөрхангайд өрсөлдөнө

 

Өвөрхангай аймагт МАН-аас УИХ-ын гишүүн Я.Содбаатар нэр дэвших нь. Тэрээр өмнөх сонгуульд жагсаалтаар сонгогдсон. Харин энэ удаад хангай нутагт ийнхүү дэвшихээр болж, УИХ-ын гишүүний хувиар аймаг, орон нутагт хийх уулзалтуудаа эхлүүлээд байгаа билээ. 2012 оны сонгуульд тус аймагт МАН-аас Н.Төмөрхүү, С.Чинзориг нарын залуус нэр дэвшиж, хоёул ялагдал хүлээсэн. Иймд МАН-ынхан энэ удаад илүү туршлагатай улстөрчийг нэр дэвшүүлэх ёстой гэж үзэж байгаа юм байна. Харин АН болон бусад намаас тус аймагт хэнийг дэвшүүлэх вэ гэдэг нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Өмнөх сонгуулиар Ардчилсан намаас Өвөрхангайд Г.Батхүү, Д.Зоригт нар сонгогдсон байгаа.

 

Хотын тойргуудад хэн хэн дэвших вэ

 

Чингэлтэй дүүрэгт АН-аас Г.Баярсайхан, МАН-аас Сү.Батболдын Засгийн газрын үед Эрдэс баялаг, эрчим хүчний сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн асан Д.Зоригт нэр дэвших юм байна. Харин Сонгинохайрхан дүүрэгт АН-аас Л.Эрдэнэчимэг болон ШӨХТГ-ын дарга асан О.Магнай дэвшихээр сонгуулийн кампанит ажлаа “далдуур” эхлүүлсэн билээ. Гэхдээ Л.Эрдэнэчимэг гишүүн энэ удаагийн парламентад дажгүй сайн ажилласан гэх үнэлгээг намын нөхдөөсөө аваад буй учир жагсаалтад орж магадгүй байгаа юм.

 

Харин МАН Д.Сумъяабазарыгаа дахин “сойх”-оор ярьж буй гэх. Хан-Уул дүүрэгт УИХ-ын гишүүн Лу.Болд, Баянзүрх дүүрэгт УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Ж.Батзандан нар мөн дахин хүч сорих аж. Харин МАН-аас Д.Сумъяабазар СХД-т дахин нэр дэвших бол Баянзүрх дүүрэгт Ш.Сайхансамбуу нарыг дэвшүүлэхээр бэлтгэж буй мэдээлэл байна.

 

Л.Энхдэлгэр 


Нүүр хуудас