Нэг цас оролтод 75-95 тонн бодис цацдаг

2016-01-07 09:48:42

 

Нийслэлд хальтиргаа, гулгаа тулгамдаж байгаа асуудлын нэг болоод байна. Үүнээс үүдэлтэй осол, аваар ч их гарч буй. Хальтиргаа, гулгаа үүссэн замуудад цас хайлуулагч бодис болон давс цацдаг. Энэ талаар “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар” нэгтгэлийн Зам цэвэрлэгээ, үйлчилгээний ахлах инженер Т.Өмирбекээс зарим зүйлийг тодрууллаа.

 

-Нийслэлийн автозамууд хальтиргаа, гулгаа ихтэй байна. Энэ жилийн хувьд бодисын нөөц хэр хангалттай байгаа вэ?

 

 -Нийтийн үйлчилгээний УБ нэгтгэлээс 661 тонн бодис нөөцөлсөн. Одоогоор 580 тонн бодис зам дээр цацаад байна. Өвөл эхэлснээс хойш 15-16 удаагийн их цас орсон учир сүүлийн өдрүүдэд дуудлага ихтэй байгаа.  Цагдаа нарын дуудлагын дагуу очиж бодис, давс цацдаг. Бодис цацах ажилд тусгай тоноглосон 14 машин ажиллаж байна. Мөн явган хүний зам, талбайг үйлчлэгчид хүрз, цохиур ашиглан цэвэрлэдэг. Хальтиргаа, гулгаатай өгсүүр замуудад пошик болон жижиг савтай бодис, давс байршуулсан байгаа. Үүнийг өгсүүр зам дээр машин нь гарахгүй тохиолдолд жолооч нар авч ашиглах боломжтой юм.

 

-Автомашины замаас гадна явган хүний зам, талбай хальтиргаа, гулгаа ихтэй байна. Үүнийг цэвэрлэх ажлыг хэрхэн шийдэж байгаа вэ?

 

-Энэ жил автомашины замаас гадна явган хүний зам илүүтэй хальтиргаатай байна. Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг байгууллага, аж ахуйн нэгж бүр өөрийнхөө нутаг дэвсгэрийн гадна талын 50 метрийн орчинг цэвэрлэх, хальтиргаа гулгаа үүсгэхгүй байхад анхаарах ёстой. Аж ахуйн нэгжүүдийн 50 метр газар манай байгууллагын цэвэрлэгээтэй зарим үед давхацдаг. Багшийн дээд, нэгдүгээр эмнэлгийн урд талын явган хүний замыг байгууллагууд төдийлөн цэвэрлэдэггүй. Мөн Барс захын урд талын явган хүний замд хальтиргаа тогтмол үүсч байна. Учир нь зам дээр урссан ус хөлдсөнөөс гөлөө үүсч байгаа юм. Ер нь аж ахуйн нэгжүүд цэвэрлэгээндээ их хойрго ханддаг.

 

-Нөөцөлсөн бодисын ихэнхийг нь цацчихсан юм байна. Одоо цаашдаа хангалттай хүрэлцэхээр байна уу?

 

-Төлөвлөгөөнд нэг цас оролтод 61 тонн бодис хэрэглэнэ гэж тусгагдсан ч бодит байдал дээр 75-95 тонн бодис цацдаг. Сүүлийн үед шинээр зам, уулзварууд нэмэгдсэнтэй холбоотойгоор бодисын нөөц шаардлага нэмэгдэж байгаа. Тодруулбал, “Богд Aр” хорооллын 17.5 км зам, Өлзийт хорооллын зам, Санзай зэрэг зуслангуудын шинэ зам, гүүр мөн гудамж төслөөр хийгдсэн уулзварууд бий. Аль болох техникийн хүч болон, зам цэвэрлэгээний ажилчдаа дайчлан ажиллахыг бодож байгаа.  Цаашдаа бодисоо хэмнэлттэй зарцуулах зарчмыг баримтална.

 

Дашрамд дурьдахад, иргэд аль нэгэн байгууллагын урд талын 50 хүртэлх метр зайд хальтиргаанаас үүдэлтэй гэмтэж, бэртсэн тохиолдолд тухайн дүүргийн Засаг даргын Тамгын газарт болон хуулийн байгууллагад хандсанаар хохирлоо барагдуулах боломжтой. Зам, талбайн хальтиргаа нэмэгдсэнтэй холбоотойгоор өнөөдрөөс эхлэн тав хоног нийслэлийн хэмжээнд хальтиргаа, гулгааг арилгах талаар хэрэгжүүлж байгаа ажилд шалгалт хийх аж.

 

Шалгалтыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ, Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төв, Замын цагдаагийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Авто замын газрын мэргэжилтнүүд явуулна.

 

М.Болор


Нүүр хуудас