Ургийн барилдлагатай улс төр

2016-01-07 09:21:54

 

Тоглоомын дүрэм тодорхой боллоо. Өөрөөр хэлбэл, Сонгуулийн хууль батлагдсанаар улс төр дэх шатрын өрөг бэлэн болов. Одоо харин аль хүүгээ бэрс гаргах вэ гэсэн нүүдэл эхэллээ. Аав нь хүүгээ, ах нь дүүгээ бэрс гаргачих санаатай түлхэх үзэгдэл өмнөх сонгуулийн өргүүдэд олонтаа л тохиолдож байсан. Түүнээс улбаалж, улс төрийн удам залгасан албан тушаалтнууд бий болсон. Эрх мэдэл өмч хөрөнгөтэй адил өвлүүлдэг, уламжлуулдаг, өмчлүүлдэг болж ирж буй хэмээсэн үг л дээ. Удам дамжсан, үе залгамжилсан улстөрчид Монголд олон. Дурдвал, УИХ-ын гишүүн О.Содбилэгийн ээж Д.Туяаг УИХ, Засгийн газрын гишүүн байсан бол “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийн хүү Г.Тэмүүлэн өдгөө улс төрд нэрээ дуудуулах болсоор удаж байна. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, түүний хүү Э.Батшугар, Монголбанкны ерөнхийлөгч асан Л.Пүрэвдорж, түүний хүү НИТХ-ын төлөөлөгч байсан П.Хангал, Хотын мэр асан Л.Энэбиш гуай, түүний хүү Э.Мөнх-Очир, Элчин сайд Л.Хангай, түүний хүү Х.Алтай гэх зэргээр энэ жагсаалт цааш үргэлжилнэ. Аав нь УИХ-ын гишүүн, төрийн өндөр дээд албан тушаалтан байсан гээд хүү нь улстөрч болж болохгүй гэсэн хууль дүрэм мэдээж байхгүй. 


Аль ч улс оронд шатрын хүү бэрс болохыг хориглосон, хаасан, боосон дүрэм мэдээж байдаггүй. Тэр ч үүднээс Монголд ч ялгаагүй ямар ч аавын хүү, ээжийн охин бэрс болохоор нүүхийг хориглох үндэслэлгүй юм. Тэгвэл энэ удаагийн сонгуулиар садан төрлийн холбоотой, ургийн хэлхээтэй, ах дүүгийн барилдлагатай олон хүн нэр дэвшихээр болсон нь урьд урьдын сонгуулиас ихээхэн онцлогтой болох нь. 


Эхнээс нь нэрлэе. Хамгийн эхэнд Монгол Улсын заан Д.Долгорсүрэн гуайн гурван бөх хөвүүн улстөрч болж байгаа нь тодорхой болж байна. Улсын аварга Д.Сумъяабазарын хувьд улстөрд хана шийрлэж, гал ноцоогоод удсан. Тиймдээ ч УИХ-ын гишүүн болчихоод сууж буй. Харин сүмогийн их аварга, дүү Д.Дагвадорж нь эртнээс санаатай байсан нь саяхнаас санаархлаа ил, далд цухалзуулж эхэлсэн. Ах нь МАН-ын гишүүн бол дүү нь АН-д элссэн нь бас л содон баримт. Гэтэл тэдний араас дүү Д.Сэржбүдээ нь улс төрд хүч үзнэ гэж аархаж эхэлсэн сурагтай. Хамгийн сонирхолтой нь, Д.Сэржбүдээ улс төрийн сонголтоо хийхдээ хоёр ахаасаа эсрэг талд буюу МАХН-д гишүүнээр элсчээ. Ийнхүү ах дүү гурав аль ч нам ялалт байгуулсан улс төрд нүүртэй байхыг бодолцож, АН, МАН, МАХН гэсэн гурван улс төрийн хүчнийг хуваан сонгосон бололтой. 


Удаад нь “Нарантуул” захын босс Ш.Сайхансамбуу, түүний дүү Ш.Батсамбуу нар УИХ-ын сонгуульд мөр зэрэгцэн нэр дэвшихээр болсон. Ш.Батсамбуу нь бүр ахынхаа нэр дэвшдэг тойрогт буюу Завханд нэр дэвшихээр болоод буй. Харин УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу Баянзүрх дүүрэгт МАН-аас нэр дэвшиж магадгүй. Тэдгээрийн жишиг УИХ-ын гишүүн Б.Наранхүү, түүний төрсөн эгч Б.Саранчимэг нар дээр ч адил байна. Улстөрч гэхээсээ илүү “Мон Уран”-ны гэдгээрээ илүү танигдсан Б.Наранхүү Дундговь аймагтаа дахин нэр дэвших бодолтой байгаа бол дүү нь Баянзүрх дүүрэгт өрсөлдөхөөр санаа шулуудсан гэх. Б.Саранчимэг нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирлын албыг хашиж байгаад сүүлд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн тушаалаар ажлаасаа халагдсан билээ. 


Тэгвэл саяхан төрийн албаа хүлээлгэн өгсөн Б.Энхбайгаль, түүний ах Б.Хүдэр-Ян хоёр мөн л улс төрийн сонгуулийн уяанд зэрэг сойгдоно. Тэд Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуайн хүүхдүүд юм. 


Ах дүүгээрээ улстөрчид болох замыг сонгож байгаа энэ мэт тохиолдол энэ удаагийн сонгуульд олон байх бололтой. Мөн “Оюуны ундраа” группын ерөнхийлөгч С.Отгонбаяр, түүний дүү НИТХ-ын гишүүн С.Амарсайхан, БНН-ын дарга Б.Жаргалсайхан, түүний дүү Б.Батсайхан нар ч сонгуульд хамтдаа хүч үзэх аж. С.Отгонбаяр АН-ын гишүүн бол түүний дүү МАН-ын гишүүн. Аль аль нь тухайн намаасаа мандатаар сонгуульд оролцож ялж, ялагдсан туршлагатай. 


Дээр нэр дурдсан эрхмүүд бол бүгд УИХ-ын сонгуульд нэр дэвшиж өрсөлдөхөөр зэхэж буй ах дүүсүүд юм. Тэгвэл УИХ-ын сонгуульд биш ч улс төрд хамтдаа зүтгэж, нэр гарч байгаа олон ах дүү, төрөл садан, ургийн холбоотныг нэрлэж болж байна. Тоочвол, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, түүний ах Ж.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Г.Батхүү, түүний дүү Г.Батчимэг, УИХ-ын гишүүн Х.Баттулга, түүний дүү Х.Баттуул, Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмон, түүний дүү “Родман энд Рэншоу” банкны тэргүүн дэд ерөнхийлөгч Ж.Жамул, Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирал асан Б.Сэргэлэн, түүний дүү Монголбанкны тэргүүн дэд захирал Б.Жавхлан гэх мэтээр чамгүй урт жагсаалт хөвөрнө. 


Нэг айлын хүргэдүүд мөн улстөрд зуузай холбох үзэгдэл бас бий. Улс төр дэх хөтөлгөө морьтой нөхдүүд ч гэж тэднийг тодорхойлж болох юм. УИХ-ын гишүүн С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Д.Батцогт нар нэг айлын хүргэдүүд. Базууд гэсэн үг. УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, түүний нагац дүү Т.Ганболд нарыг орхигдуулж болохгүй. Нэг нь ИЗНН-ыг сонгож, улс төрийн эрх мэдэлд хүрсэн бол нөгөө нь улс төрд шинэхэн байгуулагдсан ХҮН-ыг сонгосон. 


Өмнө нь төрлийн хэлхээгээр төрийн босго давах гэсэн оролдлого хэр их гарч байсан юм бол. УИХ-ын сонгуульд ах дүүгээрээ нэр дэвших тохиолдол цөөн, харин  аймаг, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн сонгуульд ийм тохиолдол цөөнгүй гарч байжээ. Тухайлбал, 2012 оны сонгуульд УИХ-ын гишүүн асан Б.Батбаатар уначихаад, Чингэлтэй дүүргийн ИТХ-ын сонгуульд төрсөн дүү Б.Батхуягтай хамт нэр дэвшсэн. Б.Батхуяг нь одоо Чингэлтэй дүүргийн ИТХ-ын тэргүүлэгч гишүүнээр ажилладаг. Энэ мэт жишээг цааш нуршилгүйгээр орхиё. 


Эцэст нь дүгнэхэд, улс төрд нэг орсон хүн гарч чаддаггүй гэсэн бичигдээгүй ёсыг дагаад ч тэр үү, улс төрд дүү хийгээд хүүгээ уруу татан оруулах үзэгдэл газар авсаар байна. Жишээ нь, УИХ-ын гишүүн асан Батж.Батбаяр, хүү Б.Батбилэгийгээ, УИХ-ын гишүүн асан Л.Пүрэвдорж, хүү П.Хангалыгаа, Х.Бадамдамдин, хүү Б.Баттүвшингээ төрд угсаа залгамжлуулахаар хэдийнэ оруулж ирсэн. 


Улстөрчид юуны учир ийнхүү төрлийн хүнээ улс төрд оруулахаар чармайж эхэлсний цаад учрыг ухах гэсэнгүй. Бодвол утга учир хийгээд тодорхой эрх ашиг байдаг биз. Гагцхүү төр ариун байхын үндэс нь төрд зүтгэгсдийн төрлийг урьтал болголгүй, түмний төлөө тууштай зүтгэх сэтгэл юм. Тэд сонгуульд ялалт байгуулаад ах дүүсээрээ гараад ирэхийг ч үгүйсгэхгүй. Нэгэнт төрд сонгогдсон төрлийн хэлхээг чамгүй их хардлага сэрдлэгэ, хэл ам дагалдах нь лавтай. Эдгээрийг ч эс хэрэгсэн улс төрд хүч түрж буй ах дүүсийн барилдлага төрийн босго давж болно. Сонгогдож болно. Харин тэдгээрийн төрлийн эрх ашиг түмний эрх ашгаас өндөр битгий байгаасай л гэж хүсье дээ.

 

Д.Дамдинжав

 

Эх сурвалж:


Нүүр хуудас