Н.Золжаргал: Инфляци буурсан учраас ипотекийн зээлийн хүүг 5 хувьд хүргэх боломжтой

2016-01-07 08:08:00

 

Орон сууцны жилийн найман хувийн хүүтэй ипотекийн зээлийг 5 хувь болгох боломжтой гэдгийг Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал мэдэгдсэн. Энэ талаар түүнээс тодрууллаа.

 

-Ипотекийн 8 хувийн зээлийг 5 хувь руу бууруулах бололцоо бүрдсэн гэсэн үг үү?

 

-Олон талаас нь тэнцвэрүүдийг хардаг. Нийгмийн хамгийн том өгөөж хаана байна гэхээр аль болох олон өрх орон сууцанд орох. Ядаж утаа багасна. Өрхийн ямар орлого дээр 8 хувийн зээлд хамрагдаж чадаж байна вэ гэдэг чухал. Гэтэл 10 хувь нь урьдчилгаа болчихвол сарын орлого нь 1.8 сая болж, зээл нь 90 хувь болохоор болж байгаа. Бидний санал болгоод байгаа хувилбарын нэг нь инфляцийг нам төвшинд барьж чадвал хүүгээ бууруулж болно. Хүртээмжийг ч тэлнэ. Нөгөөдөх нь урьдчилгаа 30 хувь дээр УИХ, Засгийн газар ажиллаад тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлвэл хүрээг тэлэх боломжтой. 14 хувийн инфляцитай байхад ипотекийн 8 хувийн зээлийг хэрэгжүүлж байсан. Тэр үед инфляцийг 6 хувь болно гэж харж байсан, өнөөдөр 2.9 хувь болсон учраас 8 хувийг дахиад бууруулах боломж бүрдсэн гэсэн үг.

 

-Найман хувийн зээлийн хүүг 5 болгож буурууллаа гэхэд барилгын компаниуд байрны нэг ам.метрийн үнээ өсгөвөл яах вэ. Энэ тохиолдолд барих бодлого юу байна?

 

-Цоо шинэ тогтолцоог 2013 онд 4 их наяд төгрөгөөр эхэлж байхад олон талаар хязгаарлаж жигд явуулах гэж оролдсон. Гэнэт эрэлт 4-5 дахин нэмэгдэхэд, үнэ 10 дахин нэмэгдсэн гэдэг тооцоог түрүүн хэлнэ лээ. Гурван жилийн дотор үнэ зах зээл дээр 20 гаруй хувиар өсөөд жилийн дотор 10 гаруй хувиар буурсан.  Жигд үнийн төвшингөө 20-иод жилийн дотор барьвал энэ тогтолцоо маань зөв явна. Бусад нь жигд байх ёстой. Үнийн хувьд тогтвортой гэдэг зөв төвшин.

 

Зах зээлд өнөөдөр 17 мянган орон сууц эзнээ хүлээж байна. Түүнийг барьсан 200-гаад аж ахуйн нэгж бий. Хэрвээ зах зээлд гуравхан оролцогч байсан бол бүгд үнээ өсгөх байсан болов уу. Нийлүүлэлт огцом явагдаж байгаа үед үнэд огцом нөлөөлөл гарахгүй байх. Яагаад гэвэл барилгын компаниудад тулсан зүйл нь эрэлтийг сэргээх. Байшингаа барьсны дараа зарах гэхээр эрэлтийг нь огцом унагаад байгаа. Боломж гарангуут байраа зарах сонирхолтой. Дараагийн жил 20 мянган айлын орон сууц баримаар байгаа. Барилгын компаниуд ингэж л ажлаа төлөвлөдөг. Түүнээс ганц байшин барьчихаад маш өндөр үнэтэй зарахгүй бол болохгүй гээд хүлээгээд суудаггүй. Тэгэхээр үнэд онцгой том нөлөө гарахгүй. Орон сууц байхгүй үед эрэлт бий болговол үнэ огцом өснө.

 

-Тэгэхээр...?

 

-Эрэлтийг нэмж өгдөг хамгийн том дэмжлэг бол урьдчилгаа 30 хувь дотор төсвөөс гарах 20 тэрбум төгрөг бол бодитой дэмжлэг болно. Төсөвт хэрхэн суулгах нь Засгийн газар, УИХ-ын шийдэх асуудал. Бидний хувьд эрэлтээ яаж олон хүнд хүртээмжтэй болгох вэ гэдэгт анхаарал хандуулж байна. Хүртээмжийг нэмэх юм бол Монголд байгаа орон сууцны тоо 140 мянга биш 250 мянга болж үнэ тогтворжино. Бидний зорилго бол ойрын гурван жилд 40-70 мянган орон сууц зах зээлд нийлүүлэгдэж тэр хэрээр айл өрхүүд ипотекийн зээлд хамрагдвал Засгийн газар, УИХ-ын зүгээс урьдчилгаа төлбөр дээр нь тодорхой хэмжээний халамжийн бодлогыг зөв чиглүүлж, уяж өгвөл дэмжлэг болно гэж үзэж байгаа. Үүнд 20 тэрбум шаардлагатай гэсэн тооцоо гаргасан. Халамж гэдэг нэрээр бэлэн мөнгөний үер буулгахыг бид дэмжиж чадахгүй. Халамж гэдэг нэрээр сард 80 тэрбум төгрөгийн үер буулгаж байлаа, тэр үед инфляци 14 хувиас буух ямар ч бололцоогүй байсан. Иргэдийн орлого 14 хувиар жил болгон үнэгүй болж байхад орон сууцны үнэ жил бүр өсч байлаа. Харин халамж нь өөрөө олон мянган хүний ажлын байрны дэмжлэг, үйлдвэрлэл болж хувирч байгаа нөхцөлд Монголбанк бүрэн дэмжинэ. 

 

-Чингис бондоор барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжсэн. Одоо зээлийн хүүг бууруулах нь. Эргээд энэ нь байрны нэг ам.метрийн үнэд нөлөөлөх үү?

 

-Эрэлт нийлүүлэлт үнэд шууд нөлөөлдөг. Өмнө нь жилд 4000 айлын орон сууц ашиглалтад ордог байсан бол сүүлийн 2 жилийн хугацаанд жилд 20 мянган орон сууц нийлүүлэгддэг болсон. Тиймээс орон сууцны үнэ цаашид өсөхгүй тогтвортой байх бололцоотой. Хэрэв хууль эрх зүйг зогсоосон шийдвэр гэнэт гаргаад үймүүлээд байх юм бол эрэлт хуримтлагдаад үнэд муугаар нөлөөлнө. 200 мянган хүн ажилладаг ийм салбарт хууль эрх зүйн, санхүүгийн орчин тогтвортой, жилд 20 мянган орон сууц бариад байвал үнэ тогтвортой, эерэг нөлөөтэй байна.

 

С.Заяа


Нүүр хуудас