Охиноо хаясан ээж охинтойгоо уулзаагүй байна

2016-01-06 16:15:00

 

Ой гарантай бяцхан охиноо Сүхбаатар дүүргийн аравдугаар байрны орцонд орхиод явсан хэрэг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 21-22-нд шилжих шөнө гарсан билээ.

 

Тухайн үед бяцхан охиныг олоход уушиг нь битүү хатгаатай, хоёр нүд нь бага зэрэг цагаа унасан, витамины өндөр дутагдалтай гэж оношлогдон, эх нялхасын эрчимт эмчилгээний тасагт хүргэгдсэн байдаг.

 

Харин өчигдөр Цагдаагийн байгууллага охины ээж болох Д гэгчийг олж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Тэрээр “Ар гэрийн боломж амьдралын шаардлагын улмаас охиноо хаясан” гэж мэдүүлжээ. Тэрээр одоогоор төрсөн охинтойгоо уулзаагүй байгаа юм байна.

 

Түүнд Эрүүгийн хуулийн 117.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Тус зүйл ангид төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдээ хаясан, төөрүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс гурван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ гэж заажээ.

Д.Сугармаа


Нүүр хуудас