Найман хувийн зээлийн хүүг 5 болгоно

2016-01-06 14:47:45

 

-Орон сууцны урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгох боломжгүй-

 

Арилжааны банкууд орон сууцны ипотекийн зээлийг зогсоосон нь олон өрхийн байранд орох зорилгыг хумиад буй. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн Цэцийн 13 дугаар дүгнэлттэй холбогдуулж ийм шийдвэр гаргасан билээ. Тиймээс иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийг зогсоохгүйн тулд УИХ-аас ажлын хэсэг гарган хуулийн төсөл боловсруулж байгаа. Энэ ажил ямар шатанд яваа, мөн жилийн 8 хувийн хүүтэй олгогддог ипотекийн зээлийн хүүг бууруулах боломж бүрдсэн эсэх талаар УИХ-ын дарга З.Энхболд,  Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал, Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүн Ж.Мөнхбат, Монголын Ипотекийн корпорацийн захирал Н.Гантөгс нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

 

Жилийн найман хувийн хүүтэй олгож байсан орон сууцны ипотекийн зээлийн хүүг 5 хувь болгож болох талаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал хэллээ. УИХ-ын дарга З.Энхболд ч үүнийг онолын хувьд боломжтой хэмээсэн.

 

Бүр тодруулбал, жилийн найман хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдан сард 512 мянган төгрөг төлдөг өрх хүү 5 хувь болсноор сард 400 мянгыг төлөх аж. Өөрөөр хэлбэл, сар бүр төлж байсан дүнгээсээ 110 мянга гаруй төгрөгөөр багасч буй юм.

 

Үүнээс гадна орон сууцны урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгон бууруулах боломжгүй гэдгийг УИХ-ын дарга З.Энхболд хэллээ. Гэхдээ 30 хувийн урьдчилгааны 10 хувийг төрөөс даах шийдэл бас бий гэсэн. Энэ тохиолдолд улсын төсвөөс 20 тэрбум төгрөг шаардах юм байна.

 

Үндсэн хуулийн цэцийн 13 дугаар дүгнэлттэй холбогдуулж арилжааны банкууд ипотекийн зээлээ зогсоосон гэдгийг дээр дурьдсан. УИХ энэ асуудлыг шийдвэрлэх эрх зүйн орчинг цагаан сараас өмнө бүрдүүлэх юм байна. Энэ хүрээнд уг хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар байгуулсан. Ажлын хэсгийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат ахалж буй. Тэд ирэх баасан гарагт буюу нэгдүгээр сарын 8-нд багтаан хуулийн төслөө УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ.

 

Дашрамд, 2013 оноос хойш 78 мянга орчим иргэн ипотекийн зээлд хамрагдсаны 40 мянга гаруй нь шинээр орон сууцтай болжээ. Үлдсэн хэсэг нь арилжааны банкны хүүгээр буюу жилд дунджаар 18 хувийн хүү төлж байсан орон сууцны зээлээ 8 хувь руу шилжүүлсэн байна.

 

С.Аз


Нүүр хуудас