Э. Бөхбат: Зөрчлийн оноог ирэх сарын 1-нээс хасна

2016-01-06 13:39:51

 

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын шинэчлэн батлагдсан хууль 2015 оны есдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн.

 

Уг хуулийг дагалдан 26 журам гарсны нэг нь Жолоочийн зөрчлийн онооны журам юм. Хууль хэрэгжиж эхэлсэн өдрөөс буюу өнгөрсөн оны есдүгээр сарын 1-нээс зөрчлийн оноог тооцож эхлэхэээр тусгасан. Гэвч техник технологийн шинэчлэлийн ажил хийгдэж дуусаагүй тул өдийг хүртэл хэрэгжиж эхлээгүй байгаа билээ.

 

Жолоочийн зөрчлийн оноог хэзээнээс тооцож эхлэх, хэрхэн тооцох зэрэг асуудлаар өнөөдөр Замын цагдаагийн газраас мэдээлэл хийлээ.

 

Энэ үеэр Замын цагдаагийн ерөнхий газрын ОНХА-ны дарга, хурандаа Э. Бөхбатаас зарим зүйлийг тодруулсан юм.

 

-Шинэ хууль хэрэгжиж эхлээд дөрвөн сар болчихлоо. Ямар үр дүн гарч байна вэ?

 

 -Хууль хэрэгжиж эхэлснээс хойш маш олон эерэг үр дүн гарлаа. Тухайлбал, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль шинэчлэн батлагдсан өдрөөс хойшхи стастик мэдээгээр зам тээврийн ослоор амь насаа алдсан иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 17 хувиар буурсан байна. Үүнийг бид эрх зүйн зөв зохицуулалтын үр дүн гэж харж байгаа.

 

-Жолоочийн ямар зөрчлөөс оноог хасах вэ. Иргэдийн дунд нэг дүрэм зөрчихөд торгууль төлж, оноогоо хасуулна гэх ойлголт байна. Энэ нь нэг зөрчил дээр хоёр шийтгэл ноогдуулж буй хэрэг хэмээн шүүмжлэлтэй хандах ч нэгэн байна?

 

-Жолоочийн гаргасан зөрчил болгон дээр оноо хасахгүй. Тухайн зөрчлийг гаргаснаар шууд зам тээврийн осолд хүргэх 17 заалтаас оноог хасахаар журамласан гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Тухайлбал, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн жолоочоос, замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах бүс, хамгаалах малгай хэрэглээгүй жолоочоос, төмөр замын гарам нэвтрэх журам зөрчсөн зэрэг 17 зөрчлөөс оноо хасна.

 

-Зөрчлийн оноог яг хэзээнээс тооцож эхлэх вэ. Мөн жолооч нар өөрийн онооны талаарх мэдээллийг хаанаас авах боломжтой вэ?

 

-Зөрчлийн оноог ирэх сарын 1-нээс тооцож эхлэхээр бэлтгэл ажлууд хийгдэж байна. Техник, технологийн шинэчлийн ажил дуусаагүй байгаа тул ийн хойшилж байгаа. Уг техник, технологийн тусламжтайгаар жолооч та хэдэн оноо хасуулсан болон өөртөө хэдэн оноо байгааг мэдэх боломж бүрдэх юм. Тухайлбал, гар утсанд тань онооны талаарх мэдээлэл тухай бүрт очих юм. Мөн http://torguuli.mn/ сайтаас өөрийн онооны талаарх мэдээллийг харах боломж бүрдэнэ.

Д.Сугармаа

 


Нүүр хуудас