Биологич залуу амиа хорлосон уу

2016-01-06 13:25:16

 

“Ирвэс хамгаалах сан”-гийн биологич 27 настай Л гэгч өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр учир битүүлгээр амиа алдсан юм. Түүний цогцсыг сураггүй алга болсноос нь хойш тав хоногийн дараа олсон гэх бөгөөд эл хэргийг илрүүлэхээр ажлын хэсэг байгуулагдан ажиллаж буй.

 

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын ажлын хэсэг талийгаачийг амиа хорлосон буюу Эрүүгийн хуулийн 95 дугаар зүйл ангиар хэрэг үүсгэсэн гэх мэдээлэл байна. Өөрөөр хэлбэл, түүнийг амиа хорлосон гэж үзэн хэргийг хааж магадгүй нөхцөл байдал үүсчээ.

 

Энэ талаар талийгаач талын өмгөөлөгч Ц.Баасандорж NEWS.MN сайтад “Хөвсгөл аймгийн Цагдаагийн газар очиж уулзахад харамсалтай нь түүнийг амиа хорлосон гэж үзээд Эрүүгийн хуулийн 95 дугаар зүйл ангиар амиа хорлоход хүргэсэн эзэн холбогдогчийг хайж байгааг мэдсэн. Нэг үгээр хэлбэл, талийгаач Т.Лхагвасүмбэрэл бусдын дарамтад ороод амиа хорлосон байж болзошгүй гэж үзэж байна. Харин хохирогчийн ар гэрийнхэн эсрэг байр суурьтай байгаа. Хүүгээ гадны нөлөөтэй нас барсан, хэсэг бүлэг хүмүүс зохион байгуулсан байж болзошгүй гэж үзэж байгаа юм. Ингэж үзэх үндэслэл тэдэнд бий.

 

Нэгдүгээрт, талийгаач өглөөний 07.00 цагт машинаа унаад гарсан. Маргааш нь олон улсын хуралд оролцохоор гадаад явах ёстой байсан. Ингээд машинаа айлын хашаанд тавихаар гарсан байдаг. Хоёрдугаарт, Хөвсгөл явах зорилготой гарсан бол ар гэрийнхэндээ мэдэгдэх ёстой. Гэтэл хэнтэй ч холбоо бариагүй. Энэ нь утсаар ярих боломжгүй нөхцөлд явж байсан гэдэг дүгнэлтэд хүргээд байна. Гуравдугаарт, Хөвсгөл далайн эргээс дотогш 74 метрийн зайтай, доошоо дөрвөн метрийн гүнээс түүний цогцос олдсон. Усны температур -4 хэмтэй байсан. Дөрөвдүгээрт, энэ залуугийн зорилго бол Өмнөговь аймгийн Тосонбумбын нуруунд алт олборлож байгаа компаниудын үйл ажиллагааг зогсооход чиглэж байсан. Дээрх дөрвөн үндэслэлээр амиа хорлоогүй гэхэд болно” хэмээн ярьжээ.
 

Тэрээр цаашид Өмнөговь аймгийн Тост, Тосонбумбын нуруунд хайгуулын болон ашиглалтын лицензтэй компаниуд болон нутгийн удирдлагуудыг шалгуулах асуудлыг хөндөнө гэдгээ мэдэгдсэн байна. Мөн талийгаачийн амиа алдахаас өмнө хийсэн бичлэг баримтаар олдсныг цагдаагийн байгууллагад өгсөн аж.

П.Жаргал


Нүүр хуудас