Д.Баярсайханы нарын хэрэг прокурорт шилжжээ

2016-01-06 12:50:00

 

Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын дарга асан Д.Баярсайхан, тус газрын Санхүү, бүртгэл, төлөвлөлтийн газрын дарга асан Ч.Эрдэнэбулган нарын 10 хүнд холбогдох хэргийн мөрдөн байцаалт дуусчээ.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн 148.4-т заасан онц их хэмжээний эд хөрөнгө залилан мэхэлж авсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдүүлэхээр ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Нийслэлийн прокурорын газарт шилжшүүлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр хэргийн талаарх хавтаст хэргийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард эзэн холбогдогчдод нь танилцуулжээ. Мөн мөрдөн байцаалтын явцад дээрх хүмүүс Нийгмийн халамжийн сангийн хөрөнгөөс хуурамч баримт бүрдүүлж, садан төрлийнхөө нэр дээрх төрийн бус байгууллагуудад шилжүүлэн завшсан нь тогтоогдсон гэх.Тэд нийтдээ 1.3 тэрбум төгрөгийн хохирлыг улсад учруулсан нь батлагдсан гэх мэдээлэл байна.

 

Хэргийн талаар эргэн сануулахад, Д.Баярсайхан нарын 10 хүнд холбогдох хэргийг 2014 оноос эхлэн шалгаж эхэлсэн юм. Тухайн үед Д.Баярсайхан нарын хүмүүсийг шалгахдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, 20 орчим компанийг өөрсдийн ах дүү нарын нэр дээр байгуулан, халамжийн мөнгийг шилжүүлэн авсан хэмээн мэдээлж байсан. Мөн тэд ойролцоогоор 4.5 тэрбум төгрөг завшсан байж болзошгүй гэх мэдээлэл баривчилгааны дараа цацагдаж байсан удаатай.

 

П.Жаргал


Нүүр хуудас