Обамаг уйлуулсан галт зэвсгийн тухай зарлиг

2016-01-06 09:46:27

 

АНУ-д сүүлийн үед хувийн галт зэвсэг ашиглан олон нийтийн газар гал нээсэн, гэмт халдлага үйлдсэн хэрэг ар араасаа гарах боллоо.

 

Үүнтэй холбоотойгоор Ерөнхийлөгч Барак Обама конгрессийн гишүүдийн зөвшөөрөлгүйгээр галт зэвсэг эзэмшигчдийн дунд өргөн хүрээний шалгалт явуулахаар болсноо зарлалаа. Мөн тэрээр конгрессийн “идэвхгүй байдал”-ыг зэмлэн буруушаажээ.

 

Обама 2012 онд Коннектикутийн “Newtown”-ы дунд сургуульд гэмт этгээд гал нээж, 20 хүүхдийн аминд хүрсэн талаар дурдахдаа сэтгэл нь ихэд хөдөлсөн аж. Америкийн төрийн тэргүүн энэ аймшигт явдлын тухай дурсах бүрд миний уур хүрдэг хэмээгээд нулимс дуслуулжээ.

 

Твиттер хэрэглэгчдийн дунд Обамагийн үйлдлийг сайшаасан иргэд цөөнгүй байгаа бол Үндэсний галт зэвсгийн холбооноос Обамаг сэтгэл хөдлөлдөө автсан гэжээ. Харин хувийн галт зэвсэг хэрэглэх эрхийг дэмжигчид Обамагийн нулимс дуслуулсан мэдэгдлийг “матрын нулимс” хэмээн нэрлээд байгаа аж.

 

Э.Цэнгэл


Нүүр хуудас