Гацууртын ордод төрийн эзэмшлийн хувь тогтоох асуудлыг хэлэлцэнэ

2016-01-06 09:27:50

 

УИХ-ын дөрвөн байнгын хороо өнөөдөр хуваарь ёсоор хуралдана. Тодруулбал, Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Барилгын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд, “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ.

 

Мөн Төрийн өмчийн тухай болон холбогдох бусад хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхийн зэрэгцээ Монгол Улсын Төв банк /Монгол банк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийднэ.

 

Харин Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ.

 

Үдээс хойш Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Хөгжлийн хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэх юм.

 

Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Улсын Их Хурлын тогтоолоор Засгийн газарт чиглэл өгөх асуудлаар ирүүлсэн өргөдлийг хэлэлцэх тов гарчээ.

 

Eagle.mn


Нүүр хуудас