Сонгуулийн сурталчилгааг С.Батчимэг гишүүн киноны тасалбараар үргэлжлүүлэв

2016-01-06 08:50:00

 

УИХ-ын ээлжит сонгууль ойртож буйтай холбогдуулан УИХ-д горилогчид сурталчилгааны ажлаа хэдийнэ эхлүүлжээ. Тэд материаллаг болон материаллаг бус зүйлийг иргэд, олон нийтэд тарааж өөрийгөө “рекламдаж” эхлэв.

 

Тэд өвлийн улирлын гол хэрэгцээ болсон нүүрсээр иргэдийн ирцийг бүрдүүлж аваад, өөрийн зураг бүхий сурталчилгааны хуудсыг тараах ажлаар “лобби”-гоо хөнгөхөн хийж амжсан юм. Тухайлбал, нийслэлийн Чингэлтэй дүүрэгт УИХ-ын гишүүн Г.Баярсайхан нүүрс тараасан бол ШӨХТГ-ын дарга асан О.Магнай, Их аварга Д.Дагвадорж нар Сонгинохайрхан дүүргийн иргэдэд мөн нүүрс тараасан юм.

 

Гэр хорооллын иргэдэд хүйтний улиралд нүүрс шиг хэрэгтэй зүйл үгүй тул иргэд уртаас урт дараалал үүсгэн зогсож байсан. Тэрхүү дүр зураг нь нэг хэсэг цахим ертөнцөөр аялж, олны анхаарлыг татсан удаатай.

 

Тэр ч бүү хэл усны бидон дээр өөрийн зургаа хэвлэж, иргэдэд бэлэглэсэн гишүүн ч бий. Тодруулбал, УИХ-ын гишүүн, Хуульзүйн байнгын хорооны дарга Д.Ганбат Баянхонгор аймгийн сонгогчдодоо усны бидон тарааж, олон нийтийн дунд  “бидон” хоч авсан юм.

 

Харин нүүрс, бидоноос тэс өөр зүйл тараасан бас нэг УИХ-ын гишүүн нь Л.Эрдэнэчимэг юм.

 

 

Тэрбээр СХД-ийн сонгогчдодоо “Уулзалтын урилгын хамтаар нэгж тарааж “Та өөрийн сонгосон гишүүнд санал бодлоо илэрхийлснээр УИХ-аар  батлагдан гарах хууль тогтоомжид тусгагдах болно” гэх зүйлийг бичсэн байв.

 

Тэгвэл УИХ-ын гишүүн М.Батчимэг арай өөр зүйлийг бодож амжжээ. Тэрбээр Орхон аймгийн ЕБС-ийн багш нарт “Аав” МУСК-ны урилгыг тарааж, гэр бүлийн үнэ цэнийг мэдрэхийг уриалсан байна.

 

Ямартай ч сонгуулийн уур амьсгал хаа сайгүй орж, УИХ-д горилогчид тун ч шуурхай бэлтгэлээ базааж эхэлснийг дээрх нэр бүхий эрхмүүдийн үйлдэл харуулж буй.

 

П.Жаргал

 

 

 

 


Нүүр хуудас